ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА АВЧ БОЛНО

 

БНСУ-д 46 мянга орчим Монгол иргэн ажиллаж, амьдарч, сурч байгаагаас 53 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэдгээрээс Солонгос иргэнтэй гэрлэсэн 2300 орчим эмэгтэй, 150 орчим эрэгтэй байгаа бол хууль бусаар ажиллаж, амьдардаг 15 мянга гаруй иргэн бий.

Тус улсад ажиллаж амьдардаг Монгол эмэгтэйчүүдийн аж байдал, нийгмийн асуудлуудыг судалж танилцахаар МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 2019 оны 2-р сарын 12-17-ны өдрүүдэд Солонгос улсад ажиллаад ирлээ.

 

 

БНСУ-д ажиллаж, амьдардаг зарим Монгол иргэд хэлний мэдлэг муу, тухайн улсын хууль тогтоомжийн талаарх мэдээлэл муугаас санаатай болон санамсаргүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон тохиодолд тэр бүр хууль зүйн туслалцаа авч чаддаггүй байна. Тухайлбал, БНСУ-д жилд 1600 орчим Монгол иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогддогийн 50 гаруй хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчих, авто тээврийн осол гаргах, өртөх, мөн танхай, зодоон, хүчингийн гэмт хэрэгт холбогддог гэх судалгаа гарчээ.

Тиймээс хуулийн дагуу болоод, хууль бусаар оршин сууж байгаа эсэхээс үл хамааран Монгол иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх зайлшгүй шаардлага байгааг анзааран МЭХ-ны тэргүүн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Солонгос дахь ТББ-тай хамтран ажиллахаар боллоо. Тун удахгүй хамтын ажиллагааны гэрээ хийгдэж, энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

 

 

Мөн тэрээр 13-ны өдөр Солонгосын эмэгтэйчүүдийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, тус байгууллагын төлөөлүүдтэй хамтын ажиллагааны санал солилцсон.

Солонгосын эмэгтэйчүүдийн үндэсний зөвлөл нь байгуулагдаад 60 жил болох хугацаандаа улсынхаа бүх аймаг, хот, дүүрэгт салбар зөвлөлтэй болон өргөжжээ. Нийт 5 сая гишүүнтэй, салбар бүрийн эмэгтэйчүүдийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн энэ зөвлөл улсын төсвөөс санхүүждэг юм байна.

   Мөн тус зөвлөлийн дэргэд зөвхөн эмэгтэйчүүдтэй холбоотой бүхий л асуудлыг судалдаг судалгааны төв ажилладаг. Судалгааны төвөөс  гарч буй статистикийн дүн мэдээллийг Эмэгтэйчүүд, гэр бүлийн яамандаа танилцуулснаар, БНСУ-ын эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх арга зүйг төрийн бодлогодоо тусгуулдаг ажээ.

Түүнчлэн төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөгчид юун түрүүнд эмэгтэйчүүдийн байгууллагад мөрийн хөтөлбөрөө танилцуулж, улсынхаа нийт эмэгтэйчүүдэд амлалт өгдөг уламжлал тогтсон. Тухайлбал: “Ерөнхийлөгч Мүн Жэ Ин анх сонгогдохдоо нийт таван зүйлийн амлалт өгснөөс өдгөө дийлэнх нь биелж байгаа” талаар тус зөвлөлийн дарга хатагтай CHOE, Keum Sook ярьсан байна.

Эмэгтэйчүүдийн судалгааны төв нь анх ерөнхийлөгчийнхөө дэргэд үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо бие даасан статустай, яамны түвшинд ажилладаг болтлоо өргөжжээ. Одоо үйл ажиллагааны хүрээгээ тэлж олон улсын түвшний судалгаа тэр дундаа Ази номхон далайн бүс нутгуудын улс орны эмэгтэйчүүд, хөгжил, гэр бүлийн асуудлыг судалж эхэлсэн байна.

 

 

Сүүлийн үед олон соёлт гэр бүл /гадны иргэнтэй гэр бүл болсон, тэдний дундаас төрсөн хүүхдүүд/-ийн асуудалд анхаарлаа хандуулж, тухайн бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ холбогдох асуудлуудыг хууль тусгахад чиглэн ажилладаг агентлаг байгуулжээ.

МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Сөүлд ажилласан хоёр дахь өдрийн томилолтоороо “Хүүхэд, хөгжил, гэр бүл” сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус төв нь нас насны хүүхдүүдийг сургахаас гадна, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцах, хүүхэд, эцэг эхчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, зэргээр гэр бүл, хүүхэд, аав ээжүүдэд зориулсан олон чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Тус төвөөр Солонгос гэр бүлээс гадна Монголчууд, Монгол хүүхдүүд ч үйлчлүүлдэг байна.  

 

 

Ийнхүү МЭХ-ны ерөнхийлөгч БНСУ-д ажиллахдаа нийт 30-аад байгуулагын төлөөлөл, 300 гаруй хүнтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  

Мөн БНСУ-ын эмэгтэйчүүдийн зөвлөл, Эмэгтэйчүүд хөгжлийн судалгааны төв, Сөүл хотын захиргаа, Бизнес эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах яриа хэлэлцээрүүдийг хийсэн юм.

 


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0