Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ БОЛГОХ ТҮҮХЭН ҮЕ БИДЭНД ИРЖ БАЙНА

 

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халж, улс төрийн цоо шинэ тогтолцоогоо хуульчлан баталгаажуулснаар Бүгд Найрамдах засаглалд шилжсэн түүхтэй. Энэхүү түүхэн үйл явцтай мөр зэрэгцэн Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны суурь тавигдаж, үеийн үед энэ байгууллагыг Монголын шилдэг сэхээтэн эмэгтэйчүүд, тухайлбал Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам, Их жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их зохиолч С.Удвал, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө зэрэг эрдэм боловсролтой бүсгүйчүүд удирдан манлайлсаар, өдгөө ес дэх Ерөнхийлөгчөө сонгоод байна. Шинэ оны босгон дээр МЭХ-ны шинэ Ерөнхийлөгчтэй ярилцлаа.

 

Та Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдоод хоёр сар боллоо. Хэдийгээр урт хугацаа биш ч энэ хооронд ямар ямар ажлуудыг эмхэлж, зохион байгуулж амжив?

 

        Монголын эмэгтэйчүүдийн холбооны 12-р чуулганаас холбооныхоо 9 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон. 94 жилийн түүхтэй энэ том байгууллагын өмнөх он жилүүдэд хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлэх, мөн шинээр санаачилж хийх олон ажлууд өмнө минь байна. Эхний ээлжинд бид байгууллагынхаа ойрын  жилийн зорилго, зорилтоо тодорхойлох стратегийн баримт бичгийг боловсруулахаар ажиллаж байна. Энэхүү том бодлогын баримт бичгээр хойшид Монголын эмэгтэйчүүдийн байгууллага хаашаа явж, хаана очиж, юунд хүрэх вэ гэдгийг тодорхойлно. 2019 онд бодлогын баримт бичгээ дагаад хийх ажлуудын маань чиглэл, төлөвлөгөөнүүд гарна. Түүнчлэн гадаад харилцаагаа хөгжүүлэх, дотооддоо салбар зөвлөлүүдээ чадавхижуулах, бичиг баримтууд боловсруулах, хуулийн төслүүд дээр ажиллах гээд олон олон ажлууд хүлээж байна.

 

Та ажлаа аваад тун удаагүй “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” олон нийтийн хөдөлгөөнийг өрнүүлсэн байсан. Олон хүн МЭХ гэдэг байгууллага охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугарч, чамгүй нөлөөллийг үзүүлж болдог юм байна гэж харах шиг боллоо.

 

        Өнөөдрийн нийгмийн хамгийн хүндхэн асуудлуудын нэг болсон хүчирхийллийн асуудалд эмэгтэйчүүдийн байгууллага түүчээлэн дуугарч энэхүү асуудалтай ул суурьтай тэмцэх цаг болсон гэдэгтэй хүн бүхэн санал нэгдэх байх. Хүчирхийллийг хүчгүйдүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал.  Зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудал гэхээсээ илүүтэй энэ нийгэмд үүсээд байгаа хүчирхийллийн асуудалд анхаарлаа хандуулах нь эхчүүд, эмэгтэйчүүд бидний үндсэн үүрэг. Тэр утгаараа “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” гэсэн олон нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж, 13 настай охиныг хүчирхийлэн, амийг нь егүүтгэсэн этгээдүүдийн холбогдол бүхий хэрэг шүүхээр шийдвэрлэгдэхгүй жил гаруй хугацаа өнгөрснийг нийгэм олон нийтийн анхаарлын төвд эргүүлэн авчирч, шүүхээс энэ хэргийг үнэн зөв шийдэхийг шаардан, цахим жагсаал зохион байгуулсан. Бидний энэ санал санаачилгад жирийн ээжүүд ч олноор нэгдэн бид хамтдаа хүүхэд, эмэгтэйчүүдийнхээ төлөө, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, үр дүнд хүрэх боломж байна гэдгийг эндээс харлаа. Энэ асуудал бол нэг хүүхэд амиа алдаад өнгөрөх хэрэг биш, үүний цаана хүчирхийллийг үл тэвчих, хүчирхийллийн эсрэг байх, хүчирхийллийг таслан зогсоох тухай асуудал юм. Хүчирхийллийн эсрэг үзэл санаатай ч тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг маш олон байгууллага, иргэд олон нийт бий. Өнөөдөр бид постер бариад, эсвэл телевизэд эсэргүүцэл илэрхийлсэн ярилцлага өгснөөрөө хүчирхийлэлтэй тэмцэж байна уу гэвэл, нэг талаараа тэмцэл мөн. Гэхдээ яг энэ хэлбэр маань хойшид хэр удаан, дорвитой өөрчлөлтийг энэ нийгэмд авч ирэх вэ гэдэг бодох асуудал. Хойшид ч Монголд бий болоод буй энэ их хар массын оюун санаанд гэрэл гэгээ болж, хүчирхийлэлтэй бүрхэг нийгмийг цайруулах, гэгээрүүлэх, хүнлэг иргэнийг буй болгох, хүүхдээ хүнлэг болгон хүмүүжүүлэх, эхнэрээ, үр хүүхдээ зоддоггүй, хүчээр биш ухаанаар, ам хэлээрээ асуудлыг зохицуулж чаддаг ёс суртахуунтай МОНГОЛ ДАРХЛАА-г бий болгохын төлөө манлайлан оролцъё гэж бодож байна. Манай ард түмэн боловсролтой, бичиг үсэгтэй, гадаад хэлтэй, гадаад соёлтой болж. Гэтэл ёс суртахууны доройтол, зан чанарын ялзралыг соён гэгээрүүлэх түүхэн үе бидний үеийнхэнд ноогдож байна. Хэрэв одоо л бид энэ цаг үед Монголчуудыг соён гэгээрүүлэх ажлыг хийхгүй юм бол Монгол улс хүн төрөлхтний түүхэнд аймшигтай бараан, хүчирхийлэгч, харанхуй ард түмэн болж үлдэх байх. Ийм түүхэн үүргийн өмнө энэ байгууллага зогсож байна. Бид хүнлэг иргэнийг хүүхэд байхаас нь гэсэн уриалга гаргаж цэцэрлэгийн наснаас нь зөв хүүхэд, зөв иргэнийг төлөвшүүлэх ажлыг шат дараалан хийх зорилго тавьж байна. Тийм ч учраас манай байгууллага хүчирхийлэлгүй, хүмүүнлэг, боловсролтой ирээдүйн иргэнийг бэлдэхийн тулд өсвөр үеийн клуб байгуулж байна. Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын бүх салбар зөвлөлүүд, аймаг, сум, баг, дунд сургуулиудад өсвөр үеийн клубыг байгуулна. Бид энэ клубээр дамжуулан соён гэгээрлийн ажлуудыг тогтмол зохион байгуулах бэлтгэл ажилдаа орсон. Өнөөгийн нийгэмд нэгэнт үзэл бодол нь төлөвшчихсөн хүмүүст бид хандлага, өөрчлөлтийн тухай яриад үр дүн багатай юм. Тэгвэл ирээдүйн ээжүүд, аавууд, тухайн нийгмийнхээ эзэд нь болох өсвөр үеийнхэнд зөв нөлөө, зөв үлгэр дуурайл үзүүлж чадвал Монголын ирээдүй хүчирхийллээс ангид байж болох, өнөөгийн бидний зорилго бодит үр дүнд хүрэх боломж бүрдэнэ гэж харж байна. Олон улсын туршлагаас харсан ч өсвөр үед тулгуурлаж хийсэн соён гэгээрлийн, нөлөөллийн ажлууд илүү үр дүнд хүрсэн байдаг. Тиймээс хүчирхийлэлтэй тэмцэх хамгийн гол, үр дүнтэй арга бол хүүхдээр нь дамжуулж тухайн гэр бүлд, аав, ээжид нь, дүүд нь, үерхдэг найзад нь, үеийн охидод нь зөв үлгэрлэлийг өгөх. Үүнийг зохион байгуулж, тогтвортой аргачлалаар хангана гэж төлөвлөж байна.

 

 

Энэ байгууллагын үе үеийн удирдлагууд улс орондоо түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн. Харин та холбооны тэргүүнд нэр дэвшихдээ “Энэ байгууллага Монгол эмэгтэй хүн бүрт хүрч ажиллах болно” гэж хэлсэн байна. Энэ агуулгыг дэлгэрүүлбэл?

 

        Тэр түүхэн үүргийг гүйцэтгэхэд Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам, Их жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их зохиолч С.Удвал, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө зэрэг Монголын шилдэг сэхээтэн эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр, үнэ цэнийг өнөөгийн бид үнэлж баршгүй юм. Тийм ээ, би нэр дэвшихдээ “Эмэгтэйчүүдийн байгууллага бол Монгол эмэгтэй хүн бүрийн өмнө үүд хаалга нь нээлттэй байх ёстой” гэж хэлсэн, бас амласан. Хэлсэндээ ч хүрнэ. Амласнаа ч биелүүлнэ. Нээлттэй байна гэдгийг бид үйл ажиллагаа, хийж буй ажлаараа  харуулна. Бусдаар бол үүд хаалга нь нээлттэй, хүн бүрийн өмнө нээлттэй гэдэг нь айл бүрээр ороод, бүх эмэгтэйг энд авчрахын нэр биш. Хойшид эмэгтэйчүүдийн байгууллага бүсгүйчүүдийнхээ өмнө ямар үүрэг хүлээх вэ гэвэл бид төрийн бодлого шийдвэр,  хууль дүрэмд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудлыг суулгаж өгөх, тэр бодлогоор дамжуулаад энэ байгууллага айл бүрийн, эмэгтэй хүн бүрийн өмнө нээлттэй байна гэсэн үг. Жишээлбэл гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хүчирхийллийн эсрэг асуудлууд, эмэгтэйчүүд хүүхдүүдийн асуудалд төр хэрхэн анхаарах талаар эмэгтэйчүүдийг төлөөлж тэнд дуу хоолой нь болох ёстой. Ингэснээрээ эмэгтэй хүн бүрт хамаатай асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө хичээж ажиллана. Мэдээж манай байгууллагыг зориод өөрт хамаатай асуудлаараа саналаа ирүүлэх боломж нээлттэй. Харин тэдгээр саналуудыг нэгтэн судлаад хууль болгохыг нь болгоод, бодлого болгохыг нь болгоод, түүнийгээ төр засаг руу аваачиж, албан ёсны бодлогын баримт бичиг болгох нь эмэгтэйчүүдийнхээ өмнөөс ажиллах хамгийн том үүрэг юм. Хүүхдийн асуудал, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн асуудал, хөдөлмөр эрхлэлтийн, эрх тэгш байдлын гээд эмэгтэйчүүдийн асуудал дуусахгүй. Тэгэхээр эмэгтэйчүүдийн байгууллага ардын хувьсгал ялснаас хойш Монголын нэг сая 615 мянган нам бус эмэгтэйн эрх ашгийг төлөөлсөн анхны байгууллага. Үеийн үед эмэгтэйчүүдийн дуу хоолой болж явсан учраас тэднийхээ хэрэгцээ шаардлага, хүсэл зорилго, тэмүүллийн дуу хоолой болж төрийн бодлого шийдвэрт нөлөө үзүүлж ажиллах үүрэгтэй.

 

Та өнгөрсөн хугацаанд хэд хэдэн олон нийтийн байгууллагын гүйцэтгэх удирдлагаар ажиллаж ирсэн юм билээ. 90 гаруй жилийн түүхтэй энэ том байгууллагын тэргүүнд өрсөлдөнө гэдэг баргийн хүнээс гарахгүй шийдвэр. Та сүрдэж байсан уу?

 

        Мэдээж 100 жилийн ойгоо мөдхөн угтах энэ том байгууллагыг удирдаж олон мянган эмэгтэйчүүдийн дуу хоолой болж явна гэдэг нэг талаасаа сүрдмээр. Гэхдээ сүрдээд суухыг хүсээгүй. Би Монголын сонины холбооны гүйцэтгэх захирлаар дөрвөн жил, дараа нь Сайтуудын ассоциаци байгуулаад зургаан жил тэргүүнээр нь ажилласан. Олон нийтийн байгууллагын гүйцэтгэх удирдлага, тэргүүнээр ч ажилласан туршлага байсан. Гэхдээ нэг салбарыг төлөөлж буй ТББ, нийт эмэгтэйчүүдийг төлөөлөх ТББ хоёрт асар том ялгаа бий. Харин энэ байгууллагаа менежмент, бодлогын тал улам илүү хөгжүүлээд авч явах чадамж надад байгаа. Үүнийгээ өөрийн минь үнэ цэнэ гэж үзэж нэрээ дэвшүүлсэн. Ер нь хүн үр хүүхэдтэй болоод, ажил амьдрал тэгшрэн, туршлагажаад ирэхээр үүнээс цааш би энэ нийгэмдээ юу бүтээж чадах вэ, тэр зүйлд оюун санааныхаа хүчийг сорьё гэж зоригжин урагш алхдаг юм байна.

 

 

Та МЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй өмнөх удирдлагууддаа хүндэтгэл үзүүлж, Олон улсын чуулганд хамт оролцон, тэдний хийж бүтээсэнд хүндэтгэлтэй хандаж, хуучин багаар нь шинэ ажил руугаа оржээ. Орчин үед ийм нэг нандин чанар, үнэт зүйл хаа газар дутаад байх шиг санагддаг.

 

        Аливаа байгууллагад очоод, шинэ хандлага, шинэ бодлого гаргаж байна гээд хүнээ халах солих нь түгээмэл байдаг юм билээ. Би ажлаа хийж чадаж л байвал яагаад тэр хүнийг явуулах ёстой вэ гэж боддог. Мөн өмнөх түүхээ үгүйсгэнэ гэдэг бол ирээдүйд өөрийгөө үгүйсгэхийн эхлэл. Би санаа нийлсэн зүйлдээ хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Баг хамт олонтойгоо ч санаа нийлж энэ түүхэн байгууллагын түүхийн үргэлжлэлийг  бүтээе гээд зүтгэж байна. 93 жилийн түүхтэй сэтгүүлийг 20 жил тасарсан байхад нь үргэлжлүүлэн гаргаж байгаадаа үнэхээр баяртай байна. Хойшид ч бид Монголын эмэгтэйчүүд сэтгүүлээрээ дамжуулж Монголын салбар бүрийн эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, жирийн ажилтан, жирийн малчин, жирийн уурхайчин, эмч хэн ч бай нийгмийн амьдралд гар бие оролцон үлгэр жишээ амьдарч яваа энэ хүмүүсийн үйлс бүтээлийг олон нийтэд танилцуулах, тэдний үг, үйлдлээр хүн зөв амьдарч, зөв явахын үлгэрийг үзүүлж харуулна гэж бодож байна. Мөн тухайн байгууллагын зорилго үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх хэрэгтэй. 94 жилийн түүхтэй энэ байгууллага олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллана. Цаашид хил хязгаараас үл хамаардаг цахим мэдээллийн талбар вэб сайттай ч болон өргөжүүлнэ. 

 

        Бид өмнөх үеэ, ялангуяа 94 жилийн түүхтэй, Монгол Улсын үе үеийн хөгжил цэцэглэлтэд түүхэн үүрэг гүйцэтгэхэд удирдаж чиглүүлж, гүйцэтгэж явсан хүмүүст үеийн үед хүндэтгэлтэй хандах ёстой. Харин ч өмнөх удирдлагуудаа авчраад тэднийхээ туршлага мэдлэг чадварыг өөрсдийн үйл хэрэгтээ шингээгээд цааш явах ёстой юм.  Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч болоод хамгийн анх энэ байгууллагынхаа өмнөх удирдлагуудаа “Хүндэт ерөнхийлөгч”-өөр өргөмжилсөн. Энэ хүмүүс хийж хэргэжүүлсэн ажил бүтээлтэй, гавьяатай, хэлэх үгтэй, үлдээсэн өвтэй хүмүүс учраас тэдний Монголын эмэгтэйчүүдийн төлөө оруулсан хувь нэмрийг баталгаажуулж ийм  шийдвэр гаргасан.

 

Үүнийг жудаг, ах захаа хүндэлдэг, эрхэм ёсыг дээдлэх ардын ухаан гэж Монголчууд үнэлдэг, үр хойчдоо өвлүүлдэг уламжлалтай. Таны эцэг эх, танай гэрийн дэг жаяг ямархуу байсан бэ?

 

        Бид эцэг эхээс наймуулаа. Аав ээж маань багаас л биднийг олонтой өсгөж, ах захаа хүндлэх, бусдад туслах, байгаагаа хуваалцах, хэн нэгэнд өмөг түшиг болох тэр ёсыг үйлдлээрээ үлгэрлэж харуулсан. Манайх гаднаас зочингүй өдөр ховор, хамгийн багадаа 2-3, ихдээ 20-30 хүн ирж хонодог. Биднийг багад манайхаас эмнэлгийн эргэлт гараагүй өдөр ховор, оршуулга гараагүй сар ч цөөн байсан. Нутгийнхан маань мэднэ дээ, аав ээж минь ийм л олонтой хүмүүс. Магадгүй таны хэлсэн жудаг, хүндлэл гэдэг аав ээжийн маань тэр эрхэм заншил, ахмадаа хүндлэх хэвшлээс надад аяндаа суусан л хэв маяг байх. Бид  холбооныхоо стратегийн бичиг баримтын суурь болгож эв нэгдлийг чухалчилж байна. Магад зарим хүмүүс, хүн бүр л эв нэгдлийн тухай ярьдаг, энэ хүн ч бас тэгж байна гэж бодох байх. Өнөөгийн нийгэмд аль ч түвшинд эв нэгдэл хэрэгтэй байна. Айл гэрт ч албан байгууллагад, төр засгийн түвшинд ч эмэгтэйчүүд бид эв нэгдлийг бий болгоод явах юм бол гэр бүл, цаашлаад дэлхий нийтийн асуудалд ч тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс эмэгтэйчүүдийн байгууллагад орж ирчихээд аман дээрээ нэг юм яриад, ачир дээрээ арай өөр үйлдэл хийгээд явна гэдэг утгагүй зүйл. Тиймээс би чадвартай л бол ямар ч хүнтэй хамтарч ажиллахад нээлттэй байдаг.

 

 

Эвийн тухай асуудал гэснээс Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Алунгоо цом”-оор салбар бүрийн шилдэг эмэгтэйчүүдийг урамшуулж, алдаршуулна гэсэн байна. Монгол түмний их эв эеийн тухай гайхалтай түүхийг оршоож байдаг энэ хатны нэр авшигтай тус шагнал өмнө нь байсан уу. Эсвэл та санаачлав уу?

 

        94 жилийн түүхтэй энэ байгууллага нэг компани биш нэг хэсэг хүмүүсийнх ч биш, Монголын нийт эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах дуу хоолой нь болдог үндэсний хэмжээний олон нийтийн байгууллага учраас шинэ жилийг өмнөхөөс өргөн агуулгатай, олныг хамарсан томоохон үйл ажиллагаа болгон зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ оноос Монголын эмэгтэйчүүдийн холбоо “АЛУНГОО ЦОМ”-ын эздийг шалгаруулдаг болж байна. Бид ийм цөөхүүлээ байж шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эв нэгдэлгүй тал тал тийш харсан байдалтай хэр хол явах вэ гэдэг талаас ярилцаж байгаад эв эеийн билэгдлийг бодож цомоо нэрлэсэн. Алунгоо хатан Монголчуудын эх, эх үндэс юм. Тиймээс манай байгууллага ээжүүдийн, эхчүүдийн, эмэгтэйчүүдийн байгууллага учраас билэгдэл уламжлалаа бодож энэхүү цомыг санаачлан, ингэж нэрлээд байна. Алунгоо эхийн эв эеийн сургаал олон нийтийг соён гэгээрүүлэх ажлуудын маань ерөөл билгийг зангидна хэмээн бэлэгшээсэн. Мэдээж энэ цомыг хэн авах вэ, хэнд өгөх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ нийгмийг үүрч яваа, энэ нийгмийн түүчээ нь болж яваа салбар, салбарын манлайлагч хөдөлмөрч бүтээгч эмэгтэйчүүдээ шагнаж урамшуулдаг болъё, амжилт бүтээлийг нь алдаршуулъя. Мөн тэднээр дамжуулан тухайн салбарын эмэгтэйчүүдийн хүч хөдөлмөр хөлс үнэ цэнийг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлж, үнэлүүлье гэсэн зорилготой. “Алунгоо цом”-оор энэ жил 13 шилдэг эмэгтэйгээ урамшуулна. 21 аймаг бүх сумдаас салбар зөвлөлүүдээрээ дамжуулан, зарим аймгийн Засаг даргын тамгийн газартай хамтарч бид шалгуур үзүүлэлтүүддээ нийцсэн шилдэг эмэгтэйчүүдээ тодруулна. Алунгоо цомын эзэн болсон хүн эвийн билэгдлээр бахархах ёстой. Бид энэ жилийн 13 номинацийн эздээ сэтгүүлийнхээ дугаар бүрээр алдаршуулна. 3-5 жил болоод дараа дараагийн хүндэтгэлийн арга хэмжээнүүд зохион байгуулсаар байна. Оскарын шагнал авсан хүн өөрөөрөө бахархдаг шиг “Би Монголын эмэгтэйчүүдийн холбооны “АЛУНГОО ЦОМ”-ын эзэн гэдгээрээ тэр хүн насан туршдаа бахархаж, үр хүүхэд нь ч хойшид бахархдаг тийм нэр хүндтэй шагнал болгоно гэж зорьж байгаа. Ер нь эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэ цэнэ Монголд бусад улс орноос ялгаатай. Учир нь Монгол улсад 133 мянган малчин эмэгтэйчүүд бий. Тэдний хөдөлмөр зүтгэлийг хэн хэрхэн үнэлдэг вэ? Тэдний эрүүл мэндийн асуудал нь хаана явна вэ? Тэдний хөдөлмөрийн үнэ цэнийг хэн тогтоож байна вэ гэдэг асуудал хайхрагдахгүй, анзаарагдахгүй өнгөрсөөр байдаг.

 

 

Та нэр дэвшихийн өмнө нэг ярилцлагадаа Монголын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахад улс төржилт байх ёсгүй гэж хэсэн нь онцгой санагдсан. Эмэгтэйчүүдийн нэрийг барьж ашиг хонжоо хайдаг, улс төрийн зорилгоор ашиглах үйлдэлтэй эвлэрэхгүй ээ гэж ч хэлж. Магадгүй зарим хүн энэ том байгууллагаар дамжин Б.Оюунгэрэл улс төрд орох нь уу гэж харж байж ч мэднэ. Сэтгүүлчийн хувьд би ч бас энэ асуултад хариулт авах сонирхол байна?

 

        Эмэгтэйчүүдийн байгууллагыг улс төрийн байгууллага болгохгүй гэдэг нэг асуудал. Улстөржүүлэхгүй гэдэг бас нэг өөр асуудал. Өөрөө улс төрд орох эсэх тухай бас тусдаа асуудал юм. Би Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг улс төрийн байгууллага болгохгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье. Өөрийн итгэл үнэмшилдээ би хатуу байр суурьтай байдаг. Өнөөдөр улс төрийн намууд дагасан эмэгтэйчүүдийн байгууллага тэртээ тэргүй хангалттай олон байна. Тэд түүгээрээ дамжуулан улс төрийнхөө үйл ажиллагааг явуулаг. Гэтэл манай байгууллага улс төрд хамаатай, хамаагүй Монголын нийт эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй учраас энэ байгууллагыг улс төрийн байгууллага болгож болохгүй. Миний энэ байр суурь өөрчлөгдөхгүй.

 

        Хоёрдугаарт Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-г улс төржүүлэхгүй, хэн нэгэн улс төрчийн эрх ашгийг оруулж ирээд, нөлөөллийн юм хийх, хэн нэгний сонгуулийн компанит ажилд явдаг, оролцдог байгууллага болгохгүй ээ. Мэдээж  би залуу хүний хувьд хойшид улс төрд орох уу, үгүй юу гэдэг нь одоо бол хариулт бэлэн биш асуудал байна. Хүний амьдралд ямар нэгэн байдлаар гэнэтийн шийдвэр гарах, хөгжиж дэвших, өөр салбарт хүч үзэх гээд олон үйл явц өрнөдөг. Тэгэхээр хэн нэгний хөгжих дэвжих үйл явцыг бас улс төрийн өнцгөөс хардах хэрэггүй байх гэж боддог. Миний ойрын жилүүдийн төлөвлөгөө бол энэ байгууллагыг өмнөх нийгэмд нь ямар байр суурьтай байсан, түүнээс илүү хэмжээнд хүргэхийн төлөө бүх цаг зав, оюун санаагаа дайчилж ажиллана. Энэ бол Монголын иргэний нийгмийн хамгийн том, эмэгтэйчүүдийн төлөө хамгийн их юм хийдэг байгууллага байсан. Тэр уламжлалыг нь үргэлжлүүлж, олон нийтэд тэр хэмжээнд хүрч ажиллаж байна гэж хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө сэтгэл, хүч, оюун санаа, цаг зав бүхнээ зориулна.

 

 

Энэ байгууллагын гадаад харилцааны уламжлал, орчин үеийн харилцаа хамтын ажиллагааг та ямар цар хүрээтэйгээр харж байна вэ?

 

        Гадаад харилцаа, дотоод харилцаа гэж ялгамааргүй санагддаг. Ер нь бид бүх түвшний харилцаагаа сайжруулах ёстой. Өмнө нь байсан, одоо байгаа, гэхдээ илүү сайжруулах нь чухал. Саяхан би Хятадын Гуанжоу хотод зохион байгуулагдсан “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын чуулган”-д хүндэт зочноор оролцож “Нэг бүс, нэг зам” хуралдаанд илтгэгчээр оролцоод ирсэн. Тэр далимдаа бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд, ӨМӨЗО-ны Эмэгтэйчүүдийн холбооны удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны санал солилцсон. Мөн Бээжин, Гуанжоу хотуудад сурдаг оюутан залуусынхаа төлөөлөлтэй уулзалт хийсэн.

 

        Ер нь “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” Хятад, Орос мөнхийн хоёр хөрштэйгөө цаг агаар, соёлын хувьд ч ойролцоо олон зүйлс бий. Тэр талаараа ямар түвшинд хамтарч ажиллаж болох вэ гэдэг дээр санал солилцоод Хятадын талтай он гараад зарим зүйл дээр хамтарч ажиллах тухай ярилцсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гаднын ЭСЯ-ны төлөөллүүдтэй уулзлаа. Санал солилцон, эхнээсээ хамтын ажиллагааны талаар яригдаж эхэлж байна. Мөн ирэх 3-р сард болох НҮБ-ын Эмэгтэйчүүдийн төлөөх комиссын 63 дахь удаагийн чуулганд оролцоно. Ер нь манай гадаад харилцаа гэдэг нэг талаасаа олон улсын эмэгтэйчүүдтэй бид яаж хамтарч ажиллах вэ, хэл соёл, шашин шүтлэг, яс үндэс, нийгмийн гарлаас үл хамааран эмэгтэйчүүд бид яаж өөрсдийгөө дэмжих вэ? Яаж бие биедээ туслах вэ? Аль эсвэл хамтраад бид дэлхийн сайн сайхны төлөө юу хийж болох вэ? гэдэг асуудлыг ярих нь чухал гэж би ойлгодог. Бусдаар бол аль улсын, хэн байх хамаагүй. Бид эмэгтэйчүүд учраас хүйсийнхээ нэгдсэн байдлаар, үзэл бодол үйл хэрэг хандлагуудаа нэгтгээд энэ бөөрөнхий цэнхэр дэлхийнхээ төлөө юу хийж болох вэ гэдгийг л яримаар байгаа юм.

 

2000 онд МЭХ-ны дүрэмд өөрчлөлт орж, эмэгтэйчүүдийн байгууллагууд сайн дураараа энэ холбоонд нэгддэг болсон байж. Харин одоо эмэгтэй хүн эмэгтэйчүүдийн байгууллагадаа элсэхийн тулд ямар дүрэм журмаар зохицуулагдах болсныг хэлж өгнө үү?

 

        1990-ээд он хүртэл 21 аймгийн салбар зөвлөл, сум суурингууддаа, Нийслэлд салбар зөвлөлтэй нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага /НҮТББ/ байсан юм билээ. Харин 1990-ээд оноос хойш салбар зөвлөлүүдээсээ гадна төрийн бус байгууллагуудаар гишүүнчлэлээ нэмж хүрээгээ тэлсэн гэж ойлгож болно. Нийгэмд үйлчилнэ гэдэг нь нийт эмэгтэйчүүдэд үйлчилнэ гэсэн үг. Тэгэхээр “МЭХ-ны гишүүнчлэлтэй байхын тулд би яах ёстой вэ?” гэж олон эмэгтэй надаас асуусан. Гишүүнчлэл гэж бид бүртгэл хийх шаардлагагүй ээ. Харьяа дүүргийн, баг хорооныхоо эмэгтэйчүүдийн байгууллагын салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хамрагдаад, тэднээр дамжуулан өөрт тулгамдаж байгаа асуудал, хүсэл зорилго, төр засгийн бодлого руу өгөх санал санаачлагаа бидэнд илэрхийлээд, МЭХ-ны үйл ажиллагаанд оролцох боломжтой. Магадгүй та МЭХ-ны бүхий л үйл ажиллагаанд орох эрх ч нээлттэй шүү дээ.

 

        Хойшид бид орон нутгийн салбар зөвлөлөө чадавхижуулах ажлуудыг зохион байгуулж, юун түрүүнд Эмэгтэйчүүд хөгжлийн төвийг бий болгохоор зорьж байгаа. 1990-ээд оноос хойш өнөөг хүртэл ямар ч орлогогүйгээр, сайн дураараа, сайхан сэтгэлийн үүднээс эмэгтэйчүүдийн байгууллагын ачааг үүрч, өдий дайтай авч явж ирсэн салбар зөвлөлийн дарга нартаа талархал илэрхийлье. Энэ хүмүүсийн буянд МЭХ гэдэг байгууллага өнөөдөр 94 жилийн түүхтэйгээ золгож байна. Тиймээс хойшид тэдгээр хүмүүсийнхээ сайхан сэтгэлийг ашиглаад явах биш тэр хүнээ орон тооны цалинтай ажилтантай болгоно. Орон тооны ажилтантай болсны дараа бид бодлогоо хэрэгжүүлэх, үүрэг, хариуцлага, олон нийтийн эрх ашигт нэгдсэн дуу хоолойтой байх тухай асуудлуудыг ярих боломжтой юм. Орон нутгийн салбар зөвлөл өөрөө хувь хүн, эмэгтэйчүүдийн байгууллага, төр засгийн гол гүүр нь болж ажиллах ёстой. Орон нутагт байгаа малчин эмэгтэйн дуу хоолойг бидэнд дамжуулж, төр засгийн шийдвэрт асуудлыг нь тусгуулдаг, эргээд түүнийг нь мэдээлдэг байх. Мөн хилийн чанадад байгаа эмэгтэйчүүдийн Монголын төрөөс хүртэх тэтгэвэр, тэтгэмж, халамж, шагнал урамшуулал, хүүхдийнх нь эх хэлний боловсрол, сонгуулийн эрхийн асуудал гээд маш олон зүйлс байна. Тиймээс Монголчууд олноор суурьшдаг газруудад бид салбар зөвлөлөө байгуулна.

 

       

Ер нь бид эмэгтэйчүүдийн асуудал гэж яриад байгаа ч энэ нь нэг эмэгтэйн асуудал биш, энэ нийгмийн, хүн төрөлхтний асуудал юм. Эмэгтэй хүн байгаа газар бүрт бүх салбарын асуудал байна. Жендэрийн тухай асуудал гэхээр албан тушаал ахих гэж ойлгохгүй ээ. Энэ бол хүйсийн тэгш эрхийн асуудал. Гэр бүл, эрүүл мэндийн тал дээр ч өнөөдөр нийгмийг нөмөрсөн олон асуудал байна. Бид эмэгтэйчүүдээрээ дамжуулж эдгээрт өөрчлөлт хийнэ. Өнөөдөр эрэгтэй хүний дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага байна. Сүүлийн жилүүдэд Монголд гэр бүл салалт өмнөхөөс дөрөв дахин ихэссэн гэсэн мэдээлэл гарч байна. Энэ бүхний суурь шалтгааныг оношлоход эмэгтэйчүүдийн оролцоо маш их. Манай улс эмэгтэйчүүдийнхээ асуудлыг аль ч улс орноос дутахгүй мэдрэмжтэйгээр 95 жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Тэгвэл 100 жилийн түүх рүүгээ дөхөж яваа энэ байгууллагын 95 жилийн ойг бид нэлээд цар хүрээтэй үр өгөөжтэй угтах шаардлагатай. Энэ тэгш ойн жилээсээ өмнө бид Монголын эмэгтэйчүүдээ “Үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалт судалгаа, инновацийн төв”-тэй болгохыг зорин ажиллах юм. Мөн соён гэгээрлийг эрэлхийлж МОНГОЛ ДАРХЛАА-г бий болгох түүхэн үе бидэнд ирж байна.

 

Ярилцсанд баярлалаа.

 

                Сэтгүүлч редактор ЮРАГИЙН ШҮРЭНЦЭЦЭГ.

 


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.