“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

 

Баянхонгор аймгийн түүхээс ...

 

     Анх 1725 онд Халхын Түшээт хан аймгаас өрх тусгаарлан Түмэнхан Сайн ноёны аймгийг байгуулсан тухай түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. 24 хошуу, 8 хутагтын шавь бүхий орон нутгийн засаг захиргааны нэгжтэй болсон Түмэнхан Сайн ноёны аймаг 1921-1922 онд Халхын Түмэн номын эзэн Сайн ноён ханы аймаг, 1923-1931 онд Цэцэрлэг мандал уулын аймаг гэж нэрийдэж байжээ.

    

Цэцэрлэг мандал уулын аймгийн сууринаа 1931 оноос Архангай, Өвөрхангай аймгуудыг байгуулжээ.

    

Халхын Засагт хан аймгийг 1911-1922 онд Эрдэнэ бишрэлт Засаг хан аймаг хэмээн нэрийдсэнээ 1923-1931 онд Хантайшир уулын аймаг гэх болжээ. Хантайшир уулын аймгийн сууринаа 1931 оноос Завхан, Алтай аймгийг байгуулжээ. 1934 оноос Завхан аймагт Алтай аймгийг нэгтгэснээ 1940 оноос Завхан аймгийн өмнөд хэсгийн сумдыг нэгтгэж Говь-Алтай аймгийг байгуулж байсан түүхтэй.

    

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийг шинээр байгуулахаар шийдвэрлэжээ.

 

Уг тогтоолын дагууд Баянхонгор аймаг байгуулах Засгийн газрын комиссыг байгуулан Архангай аймгаас Баянхонгор, Баянбулаг, Бөмбөгөр, Гурванбулаг, Заг гол, Мандал зэрэг 6 сум, 44 баг, Өвөрхангай аймгаас Баянзүрх, Баруун Өлзийт, Богд, Жинст, Эрдэнэцогт зэрэг 5 сум, 39 баг, Говь-Алтай аймгаас Баацагаан гол, Баян-Өндөр, Баянцагаан, Буянтцагаан гол, Хүрээмарал зэрэг 5 сум, 29 багтайгаар 116 000 хавтгай дөрвөлжин км газар нутгийг Баянхонгор аймагт хамруулахаар болжээ.

    

Ийнхүү Баянхонгор аймгийг 16 сум, 112 багийн 41,114 ам бүлтэй, 2,141,989 толгой мал хөрөнгөтэй, 11,817 өрх аж ахуйтайгаар гал таслан туурга тусгаарлаж Говьбөмбөгөр нэртэйгээр байгуулсан. Баянхонгор аймаг өдгөө түүхэн хөгжлийнхөө 78 жилийг үдэж байна. 

    

Анх байгуулагдсан цагаасаа эхлэн Бөмбөгөр, Баян-Овоо, Галуут сумдын нутагт нүүдэллэн байрлаж байгаад 1961 онд Галуут сумын Хонгор хайрхан уулын өврөөс одоогийн байгаа газарт суурьшсан түүхтэй.

 

Эмэгтэйчүүдийн зөвлөлийн он цагийн хэлхээс:

    

Баянхонгор аймаг нь “Хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн улс төр, хүмүүжлийн ажил хариуцсан зааварлагчийн орон тоог үзэл суртлын хэлтсийн харъяанд бий болгож Б.Долгоржав хэмээх эмэгтэйг ажиллуулснаар эмэгтэйчүүдийн байгууллагын суурь тавигдсан байдаг. Улмаар  1944 оноос эхлэн “Эмэгтэйчүүдийн зөвлөл” болон өргөжиж Ц.Цэвэлмааг даргаар томилжээ.

    

Ийнхүү сум багуудад салбар зөвлөлүүдийг үүсгэн байгуулж ажиллуулж эхэлснээр “Соёлын довтолгоо”-г өрнүүлэн малчин эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, бичиг үсэгт сургах, хүүхэд багачуудыг 8 наснаас эхлэн сургуульд бүрэн хамруулж сургах, айл өрх, хувь хүний ариун цэвэр, эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн ухуулга, сурталчилгааны олон хэлбэрийн ажлуудыг санаачлан тасралтгүй зохион байгуулж байжээ.

    

Ингэхдээ айл өрх бүрээр явж ухуулга хийх, аймаг, сум, багт эмэгтэйчүүдийн хурлыг зохион байгуулах, нийтийн ажил хөдөлмөрт татан оролцуулах чиглэлээр явагдаж байв. Ахмад багш С.Луумаа тухайн үеийн дурсамжийг өгүүлэхдээ, “.... 1941 оноос хуучин монгол бичгийг крилл үсгээр сольж байсан үе таарч тэр үеийн Заг, Баянбулаг, Галуут, Баянзүрх, Бөмбөгөр зэрэг сумын сургуулиудын хүүхдүүдэд бага боловсрол олгож цаашид шатлан суралцуулж анхны багш нарыг бэлтгэж эхэлсэн байдаг. Сайн суралцсан хүүхдүүд зуны амралтаар айл өрхөөр явж бичиг үсэг зааж байлаа” гэжээ.

    

Аймгийн Эмэгтэйчүүдийн байгууллагын хөгжил шулуун дардан байгаагүй бөгөөд орон тооны цомхотгол болоход тэргүүн ээлжинд өртсөн. Ялангуяа МХЭТЗ, НТХ-ны эмэгтэйчүүдийн тасгийг татан буулгасан 1950-иад оны үеэр аймгийн эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан ажилтнуудын ажил зогсонги байдалд орж байв. Баянхонгор аймагт 1954-1956 он хүртэл Эмэгтэйчүүдийн хэлтэс нэртэй ажиллаж байгаад 1956 онд тус хэлтэс татан буугдаж хэсэг хугацааны дараа “Эмэгтэйчүүдийн зөвлөл” болон ажиллах болжээ.

 

     1990 оноос улс орон зах зээлийн эдийн засагт шилжин төрөөс олон нийтийн байгууллагуудыг санхүүжүүлэх боломжгүй болсноос эмэгтэйчүүдийн зөвлөл нь төрийн бус байгууллагын статусаар өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчим дээр ажиллан 1993 оноос  хойш орон тооны бус дарга, 9 тэргүүлэгчийн бүрэлдэхүүнтэйгээр 20 сум, 15 байгууллагад анхан шатны зөвлөлтэй 200 гаруй идэвхтэн сонгуультантай үйл ажиллагаа явуулж байна.

 

Сургалт, арга хэмжээ

    

Баянхонгор аймгийн Эмэгтэйчүүдийн салбар зөвлөл нь салбар, салбарын манлай эмэгтэй, мянган ээжийн баяр, эмэгтэйчүүддээ чиглэсэн сургалт, аяллуудыг тогтмол зохион байгуулдаг.

 

     Мөн 2007 оноос эхлэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр “Худалдагч, касс нярав”, “Зөөлөн буриад гутал”, “Сүү цагаан идээ боловсруулах”, “Эсгий, эсгийн бүтээгдэхүүн боловсруулах” зэрэг чиглэлээр жилд 2-3 удаа мэргэжлийн ур чадвар олгох 14-21 хоногийн сургалтуудыг хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй эмзэг бүлгийн иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулан амжилттай зохион байгуулж байна.

 

Хүчирхийллийг хүчгүйдүүлэх хөдөлгөөнд нэгдэв

 

     “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх сарын аян” арга хэмжээг аймагтаа зохион байгууллаа. “Хүчирхийлэлд ҮГҮЙ гэж хэлье” уриатайгаар зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 289 иргэн оролцсон бөгөөд тэдний гарын үсэг, гарын хээг цуглуулж охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хүчгүйдүүлье хөдөлгөөнд нэгдэв.

    

Түүнчлэн “Хүний эрхийн үндсэн ойлголт”, “Жендерт суурилсан хүчирхийллийн тухай” “Гэр бүлийн хуулийн тухай”, “Жендерийн тэгш эрхийн тухай хууль”, “Хүчирхийллийн тухай хууль” болон “Хүүхэд гэж хэн бэ?”, “Сайн аав, ээж гэж хэнийг хэлэх вэ?”, “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” зэрэг тодорхой сэдвүүдээр өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тогтмол сургалтыг  зохион байгуулж байна.


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.