Зочин Д.Цэгмид: ЭРХИНИЙ ТООГООР НАСАЛСАН ЭЭЖ МИНЬ ЭМ УУХЫГЧ ЦЭЭРЛЭДЭГ БАЙЛАА

 

Түм түжигнэж бум бужигнасан энэ ерөнцийн нэгээхэн зайд хүн зоны урсгал, жамын салхийг даган зөнгөөрөө л аялдах нэгэн байхад урвалт шарвалт уруудах доройтохын алинд ч хатжин өндийж тулгуураа бэхэлсээр хана хэрэм мэт бат бэх амьдралын цамхгаа бүтээх нэгэн ч бий. Хүн бүхэн зүрх сэтгэлдээ туулах амьдралынхаа замыг баримжаалан тэмдэглэсэн байдаг.

 

Амьдралын зам олон салаа даваа нугачаатай ч хүсэл мөрөөдлийнхөө жимээр ямагт урагш тэмүүлсэн нь он жилүүдийг эмхэрдсээр оргилд нь хүрч цамхгаа босгодог.

 

Энэ бол таны туулсан он жилүүд, тэмцэл ялалт баяр гуниг, инээд хөөр, итгэл найдварын холбоосоор ган бат гагнагдан бүтсэн амьдралын цамхаг, хүмүүн таны түүхийн бичээс.

 

Цамхаг бүхэн өөр өөрийн түүхтэй, цаанаа бас олон олон нууцтай...

 

 

Сэтгүүлч: Цаг хугацаа улиран өнгөрч, нийгэм, хүн хоорондын харилцаа, заншил уламжлал хувьсан өөрчлөгдөхийг анзаарах тусам, настны үг, амьдралын ухаан, олон он жилүүдийн өмнөх зарим түүхийг тэмдэглэн авч үлдэх нь сэтгүүлч хүний үүрэг хэмээн үздэг болжээ.

               

“Амьдралын цамхаг” хөрөг нийтлэлийн маань энэ дугаарын зочин Улаанбаатар хотын БЗД-ийн 14-р хорооны иргэн Дэндэвийн Цэгмид гуай юм. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө сонины сэтгүүлч байхдаа “Түүх хөвөрдсөн өндөр эмээ” хэмээх нэгэн нийтлэлийг бичиж байв. Тус нийтлэлийн гол дүр нь Д.Цэгмид гуайн ээж.

               

15-р жарны 31 дэх он буюу 1896 онд одоогийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг Улаан Давааны Тойл хэмээх газарт ядуу ард Чимэдцэрэнгийн үр нь болж мэндэлсэн Ч.Долгоржов хэмээх нялххан охины амьдрал тэмцэл, хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээл, зөв явсныг нь гэрчлэх зуун дамнан амьдарсан он жилүүдийн түүх, “Үрээ танихгүй олон, үрээгээ танихгүй баян” болохын үлгэрийг үзүүлсэн Ч.Долгоржав эмээ, өөрийн охин, зээ, зээнцэр, зээлдэм нарын хамт таван үеийн ээж охид нэгэн гэрт хамт амьдарч, нэгэн үндсээс нахиалсан мод 360 гаруй салаа мөчир болон дэлгэрч дээшилсэн тухай ховор хувь ерөөлийг эрхэм уншигч та бүхэнд өдгөө дэлгэрүүлэн толилуулах гэж байна.

 

              

 

Та бидний хамтдаа унших энэхүү нийтлэлийн хамрах хугацаа 1800-гаад оны сүүлч үе, Манжийн дарлалын төгсгөл, феодалын нийгмээс ардын хувьсгал, дэлхийн 2-р дайн, социалист нийгэм, ардчилал шинэчлэлийн эрин үеийг багтаасан агаад олон төрийн нүүр үзэж эрхиний тоогоор 108 наслахдаа ухаан саруул, бие эрүүл, амгалан суусаар, өөрөөсөө өмнөх хоёр үе, өөрөөсөө хойших дөрвөн үе, ураг удмынхаа долоон үеийн гэрч болсон буянтай буурлын амьдралын замналыг өгүүлнэ.

 

Зочин: Би Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Дунд мун гэдэг газар 1931 оны цагаан сарын үеэр, битүүний өдөр л төрсөн юм гэнэ билээ. Бид эхээсээ есүүлээ, би дороосоо дөрөв дэх хүүхэд нь байлаа.

               

Сэтгүүлч: “Д.Сүхбаатар жанжны гэргий Н.Янжмаатай үе тэнгийн юм би” гэж үр ач нартаа хуучилдаг байсан зочны маань ээж феодлын нийгмийн баян ядуугийн ялгаа, хүний мөс чанар, хагацал харууслын уйд хар залуугаараа өртжээ.

       

Зочин: Ээж минь бага залуудаа их ядуу хоосон, ядарч зүдэрч л өссөн юм гэнэ лээ. Харин манай аав Дэндэв гэж Хатгал нутгийн хүнтэй сууж, хэдэн хүүхэд төрүүлээд одоо л нэг сайхан амьдарч, жаргах нь дээ гэж байтал аавыг минь “Цагааны цэрэг” гэгч юманд явуулна гэж өөртэй нь жигтэйхэн ойр үерхэж, наадаж явсан найз нь том тэнзэн ташуур толгой дээрээ эргүүлээд, “Дэндэвийг барьж аваачна, Дэндэв хаана байна” гээд давхиж ирсэн гэдэг. Олон нялх хүүхэдтэй эхнэрээ орхин, самуун үйлд оролцохоос зугтсан аав маань ууланд бүгэж, тэр удаагийн баривчилгааг өнгөрөөсөн гэдэг. Аав уулаар гэр хийж, нуугдаж явахдаа аминдаа халтай өвчин олж хүндрүүлээд, намайг гурван настай байхад бурхан болсон юм билээ. Түүнээс хойш олон өнчин хүүхэдтэй үлдсэн ээж минь өөр хүнтэй ч суугаагүй, хэдэн хүүхдээ өсгөж, өөрөө өөрийгөө удирдаад явж ирсэн түүхтэй.

 

               

Сэтгүүлч: Намайг багад хүмүүс настайчуудаас “Та хэдэн төрийн нүүр үзэв ээ” гэж асууж байдагсан. Зуу насалж, зургаадай таяг тулсан тэр буурай хэдэн төрийн нүүр үзэж, ямар нийгмийн гэрч болж явсныг нь охиноос нь лавлалаа.

       

Зочин: “Бараг л таван төрийн нүүр үзлээ дээ” гэдэг байсан. Бүүр нялх багад нь Монгол оронд баян ядуугийн ялгаа их байж. Ээж маань эхээс дөнгөж төрөөд хөгшин ээжийнхээ асаргаанд очсон хүн юм билээ. Тэр хавийн айлуудын хонь хурга хариулж, намрын улиралд жимс, мэхээр, ямаахай, гичгэнэ, төмс түүдэг. Түүсэн жимсийг нь баячууд аваад идчихдэг, ядруу болохоор нь дээрэлхэж, загнаж, занчих энүүхэнд байсан гэж дурсдаг байсан. Ядуу хүнд чин голоосоо үргэлж сайн ханддаг хүн гэж байдаггүй юм гэсэн. Хааяа нэг чихэр олж амсана. Дүн өвлөөр л өмд өмсөн үү гэхээс өмд, гутал олдоно гэж нүдний гэм. Хөлөө сайрттал гүйсээр, хүйтрээд ирэхээр өвлийн гурван сард л хүмүүсийн илүүчилсэн өмдний оронцог, хөмөн гутлын бараа хардаг. Түүнээс наана үхрийн баас, шээс, малын халуун хэвтэр дээр гишгэж хөлөө бүлээцүүлдэг байлаа гэж л ярьдаг байсан даа.

 

Сэтгүүлч: Тэртээ 10 гаруй жилийн өмнө “Хүн гэдэг энэ насандаа уулын чинээ мах идэж, Туулын чинээ ус уудаг юм байна аа. Эмээ нь одоо буцаад цагаан сүү рүүгээ орж байна. Хорвоо гэж хачин юм аа хүүхэд минь” хэмээн хуучилж суусан тэр буурай хүний ёсоор хүндлэгдсэн анхны тохиолдлоо ийнхүү дурсдаг байжээ.

       

Зочин: 90 гарсан хойноо ээж маань “Намайг багад мөсөн чихэр хэлхэж хүзүүндээ зүүгээд Хөхөөгийн голд тоглож явсан баячуудын хүүхдүүдээс одоо нэг нь ч байхгүй, ядуу би л ганцаараа үлдэж. Нутгаасаа өөрийнхөө үеийнхнийг бодоод бодоод олохгүй байна” гэж ярьж байсан. 2000 онд “Би 100 гаруй наслалаа. Эрлэг номун хаан намайг тоож авахгүй байна. Мартсан юм байлгүй. Урьд Түнтүүл гэж хүн түм насалсан юм гэн билээ. Эрлэг Номун хаан Түнтүүл өвгөнийг олохгүй, хоёр хиагаа явуулжээ. Хоёр хиа нь Түнтүүл өвгөнийг мөн л олохгүй Гэнэн булгийн усыг гэдрэг урсгаад сууж байтал “Түнтүүл нэрийг аваад түм хүрэхдээ Гэнэн булгийн усыг гэдрэг урсахыг үзээгүй юм байна” гэж хэлээд Түнтүүл өвгөн өөрийгөө баригдуулчихсан юм гэнэ лээ. Харин намайг Эрлэг номун хаан яаж олж авах юм бол доо” гээд л үлгэр домог шиг юм ярьдагсан. Мөн тэр үеийн баячуудын зан байдлын талаар “Сайхан ааштай, баясгалантай царайтай, хүүхдийг “миний хүү” гэж дууддаг баян үзээгүй. Тэрийг аваад ир, энийг хий гэж л үргэлж зарна. Зарах болохоороо ажилтай төрөлтэй гэж мартана. Тэгсэн атлаа их шинжгүй загнадаг байсан” гэнэ. Харин Хөхөөгийн голын нэг залуу Хатгалаас авгай авч найр хурим хийсэн байхад нь санаандгүй тэднийд ортол ээжид минь олбог дэвсэж суулгаад тос хольж өгч дайлан, гарахад нь ам цоохор даавуу өгснийг яриад хүн болж төрснөөсөө хойш үзээгүй хүндлэлээ тэгэхэд үзсэн. Тэр цоохор даавуугаар нь алчуур хийж зүүгээд хамгийн ганган хүүхэн болсон шиг санагдаж, тийм сайн айл, тийм сайн хүмүүс гэж энэ орчлонд байдаг аа гэж гайхсан гэж ярьж байсан.

 

      

 

Сэтгүүлч: Идээ ундаа, эд ховор 1800 оны сүүл 1900 оны эхээр айлд зарцлагдан амьдардаг балчир охины өдөр тутам иддэг гол хүнс нь төрөл бүрийн ургамлын үндсүүд байсан гэдэг.

       

Зочин: Тэр үед бараг гурил гэж байгаагүй гэдэг шүү. Цагаан төмс, ямаахай, гичгэнэ, тарна, цээнэ мэхээр л голдуу иддэг, намар цагаан төмс, жимс самар, ургамлын үндэс ухаж идэн, булаг шанд, харзны усаар ундаа хийж бас ч үгүй цайны ургамал түүн баячуудын эхнэрт  өгөөд чихрээр шагнуулж үзсэн гэдэгсэн. Хар багын л ус их ууж, цагаан идээ сайн иддэг, хөл нүцгэн явдаг, хөдөлмөр их хийдэг хүн байсан даа.

               

Сэтгүүлч: Монгол Улс засаг захиргааны шинэ хуваарьт орж сум, баг байгуулагдах үеэр Ч.Долгоржав эмээ сумын үйлчилгээний ажилтан болж улаа нэхэн, анх улс орондоо хүч хөдөлмөрөө зориулж эхэлжээ.

       

Зочин: Ардын хувьсгал ялж, аймаг бүрт сум байгуулагдах үед ээж Чандмань-Өндөр сумын хороо захиргааны газарт үйлчлэгч хийж, өртөө байгуулагдахад ч мөн адил анхны улаач, өртөөчин болсон. Би 10 гаруй настайдаа ээжийнхээ ажилд дэм болох гэж дарга нарын морь хөтлөн Чандмань-Өндөрөөс Цагаан-Үүр сум руу ч улаа нэхнэ. Зарим зочдыг Хатгал ч хүргэж өгдөг байлаа.

       

 

Сэтгүүлч: Ийнхүү он цаг улиран нутаг усандаа амьдарч байтал 1945 оны дэлхийн 2-р дайны хар сүүдэр Монгол нутгийг цочроон, газар бүрээс агт морь, амбан шар, гялтайх бүхнээ хандивт өгөхийг уриалсан цаг үе иржээ.

       

Зочин: Манай нутгийнхан тэгэхэд агт морь, амбан шар, мөнгөн ээмгээ, бөгжөө, бугуйвчаа хүртэл тусламжинд өгч байсан. Манай ээж нэг бугуйвчтай, хоёр бөгжөө, том хээр морио, бас нэг бор морио ч агтанд өгсөн. Миний мэдэх нь л энэ санагддаг. Тэр үед ээж төр засагтаа хөдөлмөрлөөд, хүнд юм өгөхтэйгөө болоод байсан үе л дээ хөөрхий.

              

  Сэтгүүлч: Дайн самууны үе цэгцэрч, цаг төр нааштай эргэсэн 1950-иад оны дунд үед Ч.Долгоржав гуай Нийслэл хүрээг зорин амьдралын шинэ хэмнэлд хөл нийлсэн байна.

       

Зочин: 1956 онд ижий минь хот рүү түрүүлж ирээд, би араас нь  ирсэн юм. Дөнгөж хотод шилжээд “Хот тохижуулах”-гэдэг газарт ажилд орж зам цэвэрлэдэг байсан. Сүүлдээ тэр газрынхаа жижүүр хийдэг болж, маш сайн ажилласан гээд олон олон шагнал авдаг болсон доо. Тэтгэвэрт суухаасаа өмнө 1975 онд байх ЗХУ-д 45 хоног аялсан. Сайн ажилтны шагнал, одон медаль, гавшгайчийн тэмдэг нь энгэртээ багтахгүй болж байсан үе. ЗХУ-руу явж ирээд “Ленин багш гэдэг чинь цагаа зүүчихсэн, амьд хүн унтаж байгаа юм шиг ямар сайхан харагддаг юм бэ. Яг тийм байдалтай байж байдаг юм байна. Хуримын ордон гэдгээр нь очлоо. Их гоё газар байдаг юм байна. Оросууд чинь их сайхан улс юм. Намайг эмээ, эмээ л гээд байх юм. Их хүндлэл үзлээ. Тэр үед зөвхөн Москва ч биш Киев өөр ямар ямар газраар ч явсан гэдэг билээ дээ. Ирсэн хойноо “Амьд явбал алтан аяганаас ус ууна аа” гэдэг чинь үнэн юм байна. Би өсөх насандаа зовж зүдэрч, ядарч л явсан. Тэр үед намайг гээд өөд татах хүн үгүй байлаа. Тэгсэн одоо “Та” гэхгүй хүн ч алга, ер нь ямар ч айхтар үнэтэй хүндтэй хүн болчихов доо би” гэж дуугарч байж билээ. Ээж минь “Хот тохижуулах” байгууллагад 78 нас хүртлээ ажилласан даа. Тэтгэвэртээ гараад ч зүгээр суугаагүй. Ноос дарж эсгий, гудас, оймс хийнэ, дээс томохоос эхлээд нүүрсний үртсийг үхрийн баастай холиод түлш ч базаагаад тавьчихдаг байсан. Сүүлд миний ажлын газраас гурван өрөө байр өгч, бид тэнд амьдрахаар боллоо. Тэгсэн “Хөөх, энэ чинь том дарга нарын л өрөө байна. Тэд л ийм юманд амьдардаг байх. Би энэ насандаа ийм сууцанд орно гэж зүүдлээ ч үгүй, гэтэл бид ийм сайхан ордонд орчих гэж” гээд их гайхаж байсан. Харин байранд хэд хоносноо “Энэ байр гээч чинь ер нь дэмий юм байна аа. Ерөөсөө хөдлөх газар алга, гоёос цаашгүй юм байна. Гал түлээд цайгаа ч чаначихгүй, хийх юм алга. Хоёр хөл гар мөччихлөө, хэцүү юм байна” гэж билээ.

        

       

Сэтгүүлч: Ийнхүү тохитой байранд орсон ч дассан сурсан ажлаа тааваараа хийж чадахгүй байсан настан хөдөлмөр хүнийг бүтээдгийн үлгэр жишээг үзүүлсэн буянтай буурал ажээ.

       

Зочин: Ээж минь арьс их элдэнэ ээ. 94 настайдаа 26 ширхэг арьс элдсэн. Би таван охин, гурван хүүтэй хүн л дээ. Тэгэхэд ээж минь тэдгээр арьсаар гурван хүүдээ дээл хийж өгөөрэй. Ухаантай хүүхдүүд юм бол 90 гарсан эмээ минь элдэж, ээж минь дээл хийж өгсөн гээд өмсөж эдэлж явна биз гэж байсан. Тэр үед манай энэ хавийнхан 90 гарсан ээжээрээ юм хийлгэлээ гээд муу хэлээд салахгүй болохоор нь арьс элддэг талхийг нь нуучихлаа би. Тэгсэн сар болсны дараа уурлаад болдоггүй ээ. Хоёр гарч мөччихлөө, хоёр хөлч ч мөччихлөө /хөшчихлөө/ гээд үглээд салахгүй болохоор нь өнөөхийг нь гаргаад өглөө. Гурав хоног юм хийгээд гар тэнийж, бие хөнгөрчихлөө, ямар сайхан юм гэж суудагсан. Тэгээд л дахиад арьсаа элдээд эхэлсэн. Захаас хонины ноос, адууны дэл сүүл захиж авчруулна. Гэрийн хавтгай хошлонгууд маш их хийсэн. Олон айлыг хошлонтой болгосон доо. 94 насандаа нутгийнхаа Булнайн халуун рашаанд очиж амраад, Шатрын тэмцээнд оролцон 1-р байр эзэлсэн. Хөзөр, шатар маш их тоглоно. Тэр шатар гэдэг хүний ухааныг тэлдэг байх. Үнэхээр ээж минь 108 наслахдаа ухаан самуураагүй, хөл гар нь ч өвдөөгүй аль эртний үүх түүхээ яриад л суудаг байсан. Хотод ч хөл нүцгэн хамаагүй л явдаг хүн байсан даа. “Хот тохижуулах”- д ажиллаж байхдаа Шилдэг ажилтан болоод нэг их бороотой өдөр шагнал аваад харьж ирэхдээ хүүхдүүдэд минь өгөх чихэр боовоо дээлийнхээ хормойд хормойлчихсон, цагаан ултай шинэхэн гутлаа хоёр сугандаа хавчуулчихсан алхаад ирж явсан нь одоо ч нүдэнд харагддаг юм. Бороонд хөл нүцгэн явж бай гэж сургана, биднийг багад бороо орохоор нүцгэлээд гаргадаг хүн байсан.

               

Сэтгүүлч: Тэтгэвэрээ тогтоолгосон хэдий ч 78 нас хүртлээ улсдаа хөдөлмөрлөсөн энэ буурай өөрөөсөө өмнөх хоёр үе, өөрөөсөө хойшхи 4 үе, өөрийгөө хамааруулаад долоон үеэ үзэх өндөр хувь тавилантай буурал байж. Тэр тусмаа түүнийг амьд сэрүүнд таван үеийн ээж охид нэгэн гэрт хамт амьдарсан ховор түүхтэй. Тэр түүхийн сэжүүрийг хаанаас хэрхэн улбаалдгийг ийнхүү баримжаалдаг ажээ...

       

Зочин: Түүх гэх юм уу даа. Бид чинь байгаа нь л тэр. Нэг удаа цагаан сарын үеэр бид баримжаа гаргасан. 360 гаруй болж өнөржижээ, манайхан. Манай том охин Я.Бадамханд, ээж маань, би, Я.Бадамхандын охин, түүний охин гээд нээрээ л таван үеэрээ хамт амьдарч байсан үе бий. Нэг удаа манай охин  “Энэ улсууд төрөл төрөл гээд л байдаг гурван үеэсээ хойш төрөлсөхгүй байсан ч яахав дээ” гэсэн юм хэлэхгүй юу. Тэгэхээр нь би “За энэ гэрт тэгвэл таван үеэрээ байна. Ээж, чи, бид гурав л төрөлсье. Хоёр охиноо, тэдний хүүхдийг манай төрөл биш гэж хэлээ” гэтэл “Өө тэгж ер болохгүй юм байна” гээд бөөн инээдэм болж билээ. /Инээв/

       

Ээж минь сэрүүн тунгалагтаа Очир гэлэн гэдэг өвөөгийнхөө тухай их ярьдаг байсан. Тэр хүн их номтой, лам хүн. Надад хайртай ч гэж жигтэйхэн, би өвөөгийнхөө өвөр дээр л тоглож өссөн азтай хүн шүү гэж дурсдаг байлаа. Зөндөө юм ярьж өгдөг бид бичиж тэмдэглээд авч мэддэггүй. Ийм ухаан сүүлд ирдэг юм байна. Өвөөг нь зорьж ирсэн лам нар багад нь ээжийг маань саатуулдаг байсан бол жаахан том болоход нь ээжтэй  их юм ярьдаг болсон гэлцдэг. Хувьсгалын үед олон лам нарыг барьж хороох үеэр тэдгээр лам нараас “Одоо ч ах нь ингэсгээд явчихна даа. Удахгүй явна” гээд ээжид их олон юм хэлээд байдаг. Ээжийн эмээ нь тэр үед “Та нар нялх хүүхэдтэй ийм юм ярьж байх. Биднийг хүн гэж тоодоггүй юм уу?” гэхээр “Энэ хүүхдэд ярих учиртай юм. Ярилгүй яахав” гэж хэлдэг байсан гэдэг.

               

Сэтгүүлч: 100 насыг наслан зургаадай таяг тулсан энэ буурлын урт наслахын нууц нь юунд байсан юм бол хэмээн охиноос нь асуухад...

       

Зочин: Хүмүүс ээжээс “Та ийм өндөр наслахад ухаан саруул сайхан суух юм аа, урт наслахын нууц нь юу вэ” гэж асуухаар ус ууж, ургамал ногоо, сүү цагаан идээ сайн идэж, хөл нүцгэн явж, хөдөлмөр хийснийх л байх даа” гэдэг юм билээ. Манай ээж сэтгэл санаагаар унадаггүй, уужим сэтгэлтэй, их тайван хүн байсан.

       

Сэтгүүлч: Хүн үр хүүхдээ эндэхэд бусад хүүхдээ хараад тайтгардаг юм билээ. Харин ханиа алдах гэдэг л хамгийн хэцүү хагацал шүү хэмээн үр хүүхдүүддээ хэлдэг байсан буурлын сэтгэлд өөртэй нь хамт өтөлж яваа охин нь үргэлж л нялхаараа санагддаг байж. Өвлийн шөнийн уртад өндийж хөхүүлсэн ачийг нь үр хүүхдүүд бид чинь хэзээ ч хариулж чаддаггүй юм гэсэн. Үүний адилаар бидний зочин “Настай буурал ээжийнхээ сэтгэлийг зовоож байж дээ” хэмээн одоо ч харамсдагаа бидэнд ярьсан юм.

       

Зочин: Цагаан сарын юм бэлдээд бүтэн хоёр өдөр гадуур явлаа би. Нэг орой айлд очиж арц нүдээд иртэл маргааш нь “Миний охин нааш ир” гээд ээж дуудаж байна. Дэргэд нь очтол “Чи ойрд яасан их гадуур явж байна аа. Маш их оройтож байна. Гадуур ямар байгааг би сайн мэдэж байгаа. Миний охин орой үдшээр битгий гадаа яваарай. Одоо бүр шөнө тэнэдэг болох нь уу. Чи өчигдөр шөнө ирж байна лээ. Өдөр хурдхан гараад ажлаа амжуулаад эрт ирж бай л даа” гэж хэлж байсан. Тэгэхэд би сар шинийн бэлтгэлээ базаагаад ийм юм авчирлаа, ингэлээ тэглээ гэж ээждээ хэлэхгүй л орхиж гараад байж. Хүний сэтгэл тийм л хайнга байдаг юм билээ. Одоо би түүндээ харамсдаг. Охин нь ийшээ, тийм ажлаар яваад ирлээ гээд хэлж байсан бол би муу ээжийгээ тэгж зовоохгүй л байж. Бас нэг шөнө “Босоод ир, би чамтай нэг сайхан юм ярих гэж дуудлаа” гэв. Цаг харсан 03:00 болж байна. Тэгэхээр нь “Ээжээ гурван цаг болж байна шүү дээ. Одоо унтчих. Маргааш хоёулаа ярья” гэсэн чинь “Өө, тийм үү” гээд л... Маргааш нь хэн хэн маань тэрийгээ ярья ч гэсэнгүй, сонсоё ч гэсэнгүй өнгөрсөн. Тэр шөнөөр муу ээжийн минь санаанд ямар бодол орж ирээд намайг дуудаа бол гэж бодохоор дараа болоё гээд унтчихсандаа маш их харамсдаг.

             

   Сэтгүүлч: 108 наслахдаа нэг л удаа эмнэлэгт хэвтсэн тэр настан ургамлын хандаар цай чанах, эмийн ургамал ууж заншихыг үр хүүхдүүддээ үргэлж хэлж, зөвлөдөг байсан гэдэг.

       

Зочин: Манай ээж хаяа “Та нар хэтэрхий тансаг байна. Үнэтэй цай ууна, өвчин хүсэж эм тариа, шприц бэлдээд тавьчихна. Энэ чинь тун муу юм. Бэлдээд тавина гэдэг өвчин хүсээд байгаагийн шинж. Эмийн сан хэрэггүй, байгалийн сайхан ургамал л байхад болоо биз дээ гэж хэлдэг байсан. 108 хүрэхдээ ээж ганцхан удаа л эмнэлэгт хэвтсэн. Бусдаар ерөөсөө өвдөж үзээгүй, дандаа ургамал ногоогоо хандлаад ууна. Надад ч уулгадаг л байсан. Ухаангүй болохоор би бүгдийг нь хэлүүлээд, аль ургамал нь юунд сайн гэдгийг бичээд авдаггүй юм байна. Одоо ч гадаа маань хайрцаг хайрцаг ургамал бий. Нэг удаа хөдөө явж байгаад эмийн ургамал түүдэг хүнд манайд өчнөөн жил болсон ургамлууд байна, шатаахаас гэтэл “Хатсан ургамал 100 жил болсон ч сайн, хичнээн олон жил болохдоо сайн шүү. Та эм барьдаг хүнд өгчих” гэж хэлж байсан.

               

Сэтгүүлч: Нэгэн насныхаа амьдралыг ээжийнхээ дэргэд өнгөрүүлж, өтлөхийн цагт асрах нь энэ насны хамгийн өлзий буянтай үйл биз ээ. Настан буурал ээжтэйгээ өнгөрүүлсэн бүхий л цаг хугацааг эргэн дурсах зочны маань сэтгэлээс ямар үг гарахыг одоо хамтдаа уншицгаая.

       

Зочин: Би ээжийнхээ буяныг эдэлж ирсэн хүн юм билээ. Яахав хүний үр хүүхэд юм болохоор асарч  л байсан. Гэтэл би 70 гартлаа ажил хийсэн хүний хөдөлмөрийн хөлсийг хүртэж л байлаа. Ээжийг минь хүндлээд хүмүүс эндээс ч юм аваад л ирнэ, тэндээс ч юм хүргээд л ирнэ. Муу ээж минь өөрөө бол цагаан идээгээ л түлхүү иднэ. Ер нь намайг зовоож байгаагүй. Хүмүүс, та ээжийгээ их сайн асарч байна л гэдэг байсан. Тийм л юм байх гээд дотроо баярладаг л байсан. Сүүлд бодох нь ээ сайн харсан юм үгүй юм билээ. Ганц шөнө босоод үгийг нь сонсчихоогүй хүнийг юуных нь сайн харсан гэхэв дээ. Намайг төрүүлчихээд муу эжий минь хичнээн ч шөнө нойргүй хонож байсан ч юм билээ. Тэгэхэд би ганц шөнө босч суугаад үгийг нь сонсчихоогүйдээ одоо хүртэл өөртөө гомдож явдаг.  Манай ээж хэвтэр нэг их удаагүй ээ. Хэвтэж байхдаа маани л уншаад байна. Захиас сургамж их хэлнэ. Энэ олон хүүхдүүдийг нэг их загнаж, аашилж үзээгүй. Харин “Том хүний өөдөөс дуугарч болохгүй, настай хүнд тусалж бай” гээд дандаа сурган хүмүүжүүлнэ. Хүн ер нь өөрөө өөрийгөө  авч явна. Өөрийгөө зөв удирдаж, өөрийгөө зөв авч явж бай. Хүн өөрийгөө удирдаад бие нь эрүүл, сэтгэл ариун, итгэл дүүрэн байвал хүн хэзээд юугаар ч дутахгүй. Хөрөнгө хогшилтой байвал сайхан л байлгүй. Тэр нь амьд байгаа цагт хэрэгтэй л байлгүй яахав. Гэхдээ олонтойгоо яв. “Олонтой бол буянтай” гэж үг байдаг юм. Хүнд тус хүргэчихээд, би энэ хүнд тусаллаа эргээд надад туслах байх гэж битгий бодож бай. Хүнд юм өгвөл өгсөн шиг өгч бай. Хайран юм аа өгчихлөө гэж бодож өгөөд огт хэрэггүй. Бага хүүхдүүдийг элдэв дээдээр хэлж болохгүй. Зөв ярьж, зөв сургаж бай. Юманд арга, суманд учир байдаг юм гэх мэтээр ерөөсөө дандаа сургаж ярьдаг хүн байлаа даа. Энэ болохгүй юм хийлээ гэж хүний араас бүү хар санаж бай. Араас нь дээжээ л өргөөд бай. Сүү өргө, сүү бүх хар юмыг хаадаг юм. Сүүгээ өргөөд явсан хүнд ямар ч муу юм хүрэхгүй. Хүнтэй хэрэлдэж, зодолдож болохгүй, тэвчиж бай гэж сургана.

               

Сэтгүүлч: Эрхиний тоогоор насалсан түүх хөвөрдсөн өндөр эмээ насан өөд болохоосоо өмнө махан хоол идэхээ больж зөвхөн сүү таргаар хооллох болсон гэдэг.

       

Зочин: Эхэндээ сүү тарагны хажуугаар жоохон шөл ууж байсан. Сүүлийн 4 жил огт мах идээгүй. Сүү будаа, өрөм ааруулын нунтаг иднэ. Ер нь нэг их юм идэхээ больчихдог юм билээ. Хамгийн гол хүнс нь тараг, сүү. Сарлагийн сүүгээр өрөм тавьж, нунтаг ааруултай багсарч өгнө. Сарлагийн сүүгээр бүрсэн таргийг амтархан уудаг байсан. Би харин ээжийгээ өлсгөөгүй. Хоол ундыг нь хориогүй. Өөрөө ч идэж уух юмаар дутлаа, ийм тийм юм идмээр байна гэж байгаагүй. Шөнөдөө маани их уншина. Шөнөжин маани уншиж хоноод өглөө унтдаг, ер нь ээжид мэдэхгүй юм гэж байгүй санагддаг юм, одоо бодохоор. Сүүлд бид ээжийгээ Дарь эх хүн байжээ гэж ойлгосон доо. Ээжийг өөд болохоос нь өмнө, 80 орчим настай Хөвсгөлийн лам хүрч ирж золгоод ээжид хадаг өгч байсан. Тэр хүн хэлэхдээ “За, би удахгүй явах нь шиг байна. Та миний арыг даагаарай” гэхэд нь “Миний даах ч гэж юу байхав дээ” гэсэн мөртлөө хадгийг нь авч байсан. Түүнээс хойш тэр хүн удаагүй бурхан болсон дуулдсан. Мөн дараа нь Даваажав зайран гэж хүн ирээд 20 төгрөгтэй, хадаг барьж байсан. Бас л “Та миний хойдохыг даагаарай” гэж хүссэн. Нийт гурван хүн ээж дээр өөрсдөө ирсэн түүхийг би мэдэх юм. Хадгийг нь авчихдаг л юм билээ. Тэдгээрээс хойш миний ах Жадамба гэж хүн ирж манайд ирж ээжийн дэргэд хэд хоночихоод буцсан. Хэсэг хугацааны дараа ээж “Би хүүгийндээ очмоор байна” гээд хүргүүлсэн юм. Эргэж ирээд “Хүү минь надаас хэдэн маань авах юм байна. Цаад тал нь 20, наад тал нь 17 хонох болов уу даа. Надаас маани авах гэсэн юм билээ, та нар нууж болохгүй шүү” гэж хэлж байсан. Тэр ярианаас хойш ах маань 18 хоносон. Ээж ингэж бүх юмыг мэддэг хүн байлаа. Харин өөрөө өөд болохынхоо үед зүгээр л сүүгээ уучихаад жаахан хэвтмээр байна гээд хажуулдсан. Тэр өдөр гаднаас манайхны ойрын эмч ирээд ээж рүү очоод судасны цохилт, зүрхний цохилт нь тун бүдэгхэн байна гэсэн. Хэсэг байж байтал ээж намайг дуудлаа. Очтол “Миний охин том цөгцтэй зулаа өргөчих” гэв. Би ч юм бодолгүй зулаа өргөчихлөө. Тэгсэн хонх авахуулаад өөрөө хонхдож эхэлснээ надад өгч хонхдуулав. Дараа нь ёстой сайхан боллоо сүү ууя гэсэн. Тэрийгээ уучихаад тараг хийлгэн, түүнээсээ жаахныг үлдээснээ Доржзодовын судар, бас өөр нэг судрын нэр хэлээд түүнийг авч ирээд миний толгойн орой дээр тавьчих гэхээр нь би дэрнийх нь хажууд тавихдаа “Та яагаад ингээд байгаа юм бэ гэсэн чинь хүүхэд, хөгшин хүн хоёрт сайн байдаг юм аа” л гэсэн. Удалгүй өнөөдөр хэдэн сарын хэдэн, ямар өдөр үү гэж асуусан. Оройхон, одоо хэдэн цаг болж байна гэж лавласан. Тэр үед манай дүү ирж таараад, дүүг нэг үнсчихээд, цайгаа ууж байх зуурт нь л явчихсан байсан. Ганц удаа ёо гэж дуугараагүй.

               

Сэтгүүлч: Ийнхүү бурхан зүгт заларсан буянтай буурлын буян номын ажилд хэн ч хэл дуулгаагүй байхад газар газраас олон танихгүй лам нар ирсэн гэдэг.

       

Зочин: Лам залж ирээд бид “Манай байр их халуун моорог руу аваачих уу” гэтэл “Моорогт оруулах хүн биш, тусгай хүн” гээд байхаар нь элдэв тариа энэ тэр хийдэг юм болов уу, нутаглуулах хүртэл яадаг байх уу гэлцэж байтал ийм тийм юм огт хэрэггүй гээд жижиг өрөөнд маань байрлуулсан. Энд тэндээс маш олон лам ирж ном хурсан. Нутгийн хүмүүс ирээд орж мөргөмөөр байна гэдэг юм байна. Болох эсэхийг нь ламаас асуухад зул өгөөд оруулаарай гэсэн. Тэр өдөр 50-иад хүн орж мөргөсөн. Гурван танихгүй лам орж ирлээ. Хаанахын ямар учиртай лам нар явж байна гэсэн “Ээж хайрханы лам нар” гэж өөрсдийгөө танилцуулаад ном уншиж, юм барьж өгчихөөд явчих юм билээ. Лам нар бие биеэсээ дуулдаг юм уу, ямар холбоо сүлбээтэй байсныг бүү мэд. Тэр гурав хоногт огт танихгүй 10 гаруй лам ирсэн. Тэр хүмүүс ээжийг минь “Дарь эх” юм л гэлцээд байсан. Тэдгээр лам нарын тавьж уншиж байгаа ном судар гэж лут юм билээ. Номтой хүмүүсээс манай ээж хаана ямар төрөлд төрөх үү гээд асууж байсан. Урд зүгт номын хүн болж төрнө өө гэж хэлж байлаа. Эргэж төрөх үү гэсэн нэлээд хойно ирж магадгүй гэж хэлсэн юм. Ёстой бүү мэд дээ. Тийм л юм хэлж байсан.

               

Сэтгүүлч: Энэ хүртэл ярилцаад би зочноосоо “Ээж тань таны зүүд нойронд ирдэг үү. Зүүд нойронд тань ирээд ямар нэгэн зүйлийг захиж сургадаг уу?” хэмээн асуулаа.

       

Зочин: Одоо бол нэг их зүүдэлдэггүй ээ. Анх ганц нэгхэн зүүдэлж байсан. Би тэр үед буян хийдэг байлаа. Харин 2015 онд  цайныхаа дээж өргөж байтал гэв гэнэт тэнгэрт шар ногоон дээлтэй, залуухан төрхтэй ээж минь зогсож байгаа харагдаад өнгөрсөн. Би маш их гайхсан. Түүнээс хойш ээждээ сүү өргөж байгаа. Нэг л их баяр баясгалантай, их сайхан залуухан дүрийг нь харсан. Одоо хэр нь би  гайхсаар дээжээ л өргөөд сууж байдаг. Дүр нь цэвэрхэн сайхан харагдсан гэж жигтэйхэн. Ямар учраас надад тэгж харагдсан юм бүү мэд. Муу ч байна гэж байхгүй л дээ. Түүнээс хойш бас өөрийнх нь уншдаг байсан тарниас уншмаар болж ирсэн. Сэтгэлд бүүр хадгалагдчихсан байдаг юм билээ.

               

Сэтгүүлч: Өдгөө 88 настай зочноосоо настай аав ээжийгээ асарч тойлж суугаа ачтай үр хүүхдүүдэд захиж хэлэх зөвлөгөө байна уу гэхэд “Айлын тавган дээрх амттай чихрээс нэг хоёрыг өвөртлөөд ээждээ аваачиж өгч байснаа эргээд санахад би муу охин байж ээ. Хулгай хийгээд ээждээ аваачиж өгдөг байснаа хэзээ хойно ухаарсан” хэмээн ярих нь нулимс цийлэлзүүлэм...

       

Зочин: Аав ээжийгээ асардаггүй, хардаггүй үр хүүхэд гэж байхгүй ээ. Гэлээ гэхдээ бас янз бүрийн юм дуулдаж л байдаг. Ер нь аав ээжийгээ ядраад ирэхийн цагт тэднийхээ өмнөөс зөөлөн харж, зөв дуугарч, сайхан үгээр баясуулж байх хэрэгтэй юм байна гэж би боддог. Сайхан үг дуулгаж аав ээжээ баярлуулж, хайрлаж халамжилж, идэх юм өгсөн ч зөөлөн, уух юм өгсөн ч халуун бүлээнийг нь тааруулж, хувцас хунар сонгосон ч бодох л хэрэгтэй юм билээ. За тэгээд өтлөөд ирэхээр бидэнд хувцас хунар ч хэрэг байдаггүй юм даа. Үр хүүхдүүд минь л бүрэн бүтэн байвал ээж хүнд түүн шиг жаргал, түүн шиг эд хогшил гэж байдаггүй. Аав ээжийгээ амьдад нь л харж хандаж, асарч яваарай. Аав ээж юу гэж асууж байна тэр бүгдийн хариуг хэлж байх хэрэгтэй. Бурхан багш ээжийнхээ ачийг хариулах гээд чадаагүй гэдэг. Тэгэхээр одоо хэн чиг л чадахгүй байх гэж бодох л биз. Гэхдээ л асуусан зүйлд нь сэтгэлд нь хүртэл хариулаад өгч баярлуулж байгаарай л гэж хэлье. Над шиг маргааш өглөө болъё доо гэж хэлэв. Дандаа сайхан үгээр баясгаж байгаарай. Би өөрийгөө хулгай хийдэггүй хүн гэж бат дүгнэдэг байлаа. Тэгсэн үгүй юм аа, би хулгайч байж. Айлд очоод тавгийн сайхан чихрээс нь өөрөө нэгийг авч идчихээд амттай болохоор нь 2-3-ийг аваад өвөртөлчихнө. Тэрийгээ ээждээ авчраад өгдөг байсан. Гэтэл тэр чинь хулгай юм байна. Энийг хүүхдүүд та нар минь санаж яваарай. Хүн “Ээждээ ганц чихэр авчихъя” гээд хэлэхэд үгүй гэж хэлэх хүн байхгүй. Харин  би тэгж хэлж байгаагүй юм билээ. Ер нь хүн өтөлсөн хойноо л юмыг олон талаас нь боддог юм байна.

               

Сэтгүүлч: Таны ээж таван үеэрээ нэгэн он цагт хамтдаа амьдарч байсан энэхүү ховор түүхээ хэрхэн дүгнэдэг байсан бэ хэмээн асуухад...

       

Зочин: “Би бол таван үеэ үзэж тансаглаж явна гэж бодоогүй ээ. Дээр үед хаврын хавсарганд хоёр хөлөө дааруулаад өмдтэй өмдгүй, гуталтай гуталгүй л  явдаг байлаа. Үе үеийн үрс минь сайхан өсөж торниж байна. Миний өөдөөс чи гэж хэлдэг хүн байхгүй, намайг их хүндэлж хайрлаж, тансаг байна аа би, сайхан байна” гээд ярьдаг байсан. “Хөрөнгөөр биш хүнээр баян яваадаа баярлаж байна” гэдэг байж билээ хөөрхий. Ер нь хөрөнгийг юман чинээ бодож байгаагүй дээ. Миний баян бол үр хүүхдийн баян гэдэг байлаа. Би ч бас тэгж боддог. Үр хүүхдүүд минь эрүүл саруул явбал өөр надад юуны ч хэрэг алга. Харин хүүхдүүд ээ хамт олонтой, эвтэй найрамдалтай байгаасай л гэж бодно. Би охиддоо хэлдэг, нөхрүүддээ “Чи ийм юмтай ирэв үү, тийм юмтай ирэв үү гэж ам дуугарч болохгүй” гэж захидаг. Манайханд тэгж дуугардаг хүн байхгүй. Ах дүүгээ ядуу хоосон, ганцаардмал зожиг гэж хэлж болохгүй. Нэгнийгээ улам өөд нь татаж, өргөж явах хэрэгтэй.

               

Сэтгүүлч: “Түүх хөвөрдсөн өндөр эмээ” нийтлэлийнхээ гол баатрын тухай энэ хүртэл ярилцаад зочноосоо үр хүүхдүүд, залуусыг сурган хүмүүжүүлэх өөрийнх нь арга ухаан амьдралын төлөөх тэмцэл зүтгэлийнх нь талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

       

Зочин: Манай энд хүүхдүүдийг маань зодчихоод байдаг нэг өнчин хүүхэд байлаа. Нэг өдөр гэрийн урдуур явж байхад нь дуудаж оруулаад цай уулгаад, миний хүү түлээ усанд өмсөхөд голохгүй бол үүнийг ав гээд бөсөөр хийсэн хоёр бээлий, гурван төгрөгтэй өгөөд “Би чамайг их сайн хүү гэж боддог. Манай хүүхдүүдийг хүн зодоод болдоггүй ээ, миний хүү л харж яваарай. Хэн зодоод байгааг нь мэдээд эгчдээ хэлээдэхээрэй. Чамаас өөр даатгаад захичих хүүхэд энэ хавьд байдаггүй. Би чамд л итгэж захиж байна” гэлээ. Тэгсэн өнөөх хүү минь “За” л гэлээ. Түүнээс хойш манай хүүхдүүдэд нэг ч гар хүрээгүй. Хойно нь том болоод “Би утасны инженер болсон шүү дээ. Та утас тавиулах уу” гэж нэг ирсэн. Аливаа юманд чинь арга гэж нэг юм байдаг. Би “Ус суваг”-т ажиллаж байхдаа. 6-7 хүн дааж авлаа. Тэдний маань зарим нь ажлаа таслаад болохгүй, 2-3 нь айлын тооноор оржээ. Хүнээс надад хов ирлээ. Тэгэхээр нь би нөгөө хүүхдүүдээ цуглуулаад “За, ээж нь та нарт нэг юм хэлье. Хойд айлын тооноор хүмүүс орчихож гэнэ ээ. Ямар ухаан муутай хүмүүс айлын тооноор ордог байна аа. Тооно гэдэг чинь хүн орж гардаг эд биш шүү дээ. Үүдээр нь орж гарах хаалга гээч юм байхад тооноор нь орж гарсан гэнэ. Ээ дээ, миний хүүхдүүд айлын тооноор орчихов. Аюул болно шүү хүүхдүүд ээ. Айлын тооноор орж болдог юм байна гээд та нарыг дуулчихвий гээд хэлж байгаа юм. Айлд хаалга үүдээр нь ордог юм шүү” гэж сайн захилаа . “За, за” л гэцгээж байна. Тэрнээс хойш тэднээс минь нэг нь ч янз бүрийн юманд ороогүй шүү. Манай технинкч тэр үед “Өөртөө дараатай, ямар юмаа хийж ийм сахилгагүй юмнуудыг дааж авдаг юм” гэдэг л байсан. Яахав дээ, хүн надад итгээд хүнийг даалгаж байхад би чинь хүнд итгэл урам өгч ажиллана ш дээ, тэдэнтэйгээ.

              

  Сэтгүүлч: “Ус сувгийн удирдах газар”-аас тэтгэвэртээ гарсан энэ эрхмийг ажлын газрынхан нь, Баянзүрх зах, 13-р хороолол, Жуков орчмынхон андахгүй танина. Учир нь тэр энэ л хүрээндээ “Өндөр ээж” хэмээн хүндлэгдэн 70 насны сүүдэр зэрэгцэх үедээ нэгэн ажлыг эрхэлж байсан гэдэг.

       

Зочин: Би яг 70 хүрч байлаа. Хүүхдүүд ийш тийш яваад, ач гучууд маань ч багахан байсан үе. Нэг мэдсэн миний өр 500 төгрөгт хүрлээ. Мөнгө зээлэх хүн ч олдохоо байлаа. Толгой, цувдаа идээд амьдрах үе иржээ. /Зах зээлийн нийгэмд шилжиж байсан үе/ Нэг өдөр толгой цувдаагаа авах гээд Баянзүрх зах дээр явж байсан нэг залуу авсан толгой цувдааг минь сайхан цэвэрхэн шуудайд хийгээд үүрүүлээд өглөө. Би “Ямар сайхан хүнийг хүндэлдэг хүү вэ” гэж бодоод маргааш нь нэг халуун сав цай чанаад аваачиж өглөө. Эмээ нь өчигдөр чамд их баярласан. Тэгээд цай чанаад ирлээ гэсэн чинь ууж үзээд, “Та яасан сайхан цай чанадаг юм бэ? Энэ цайгаа энд авчирч зараач” гэнэ. “Миний цайг хэн авах вэ дээ” гэсэн чинь “Би зараад өгье. Та надад цайгаа чанаад аваад ир” гэлээ. Тэгэхээр нь маргааш нь хоёр халуун сав цай аваад очтол хоёр хажуугийнхаа хүнд өгчихлөө. Түүнээс хойш цай зөөдөг боллоо. Тэр үед нэг халуун сав цай 40 төгрөг болно. 70 настай хүн цайгаа зөөнө гэдэг бас чанга ажил юм аа. Бага хүүгээрээ баахныг зөөлгөлөө. Өдөрт 5 халуун сав цай зардаг боллоо. Тэгээд явж байтал хүмүүс “Та ганц цай зөөж байхаар сайхан хоол хийгээд бидэнд аваад ирээч” гэх боллоо. Тэгэхээр нь хонь, үхрийн толгой аваад, шулаад бууз хийлээ. Өдөрт 10 сав цайгаа тарааж өгчихөөд, орой савнуудаа цуглуулаад авна. Сүүлдээ өөр хоолнууд ч хийдэг боллоо. Тэгж ажилласаар 5 сар орчим болоод нөгөө 500 төгрөгийн өрөө дарсан даа. Зарим хүнд цай өгөхөөр та хэдэн төгрөг авах уу л гэнэ. Би мөнгө төгрөг яахав ээ яахав гэхээр цайны мөнгөнөөс ч илүү гарахаар юм өгнө өө. Элсэн чихэр, давс, ногоо худалдаж авахаа болилоо. Тэгж хүнийг хайрладаг юм билээ, олон түмэн. Тэр дундаас хэн нь ч “Өндөр ээж” гээд хэлчихсэн юм бүү мэд. Нэг мэдэхнээ Баянзүрх захын “Өндөр ээж” нэртэй болчихсон байсан.

               

Сэтгүүлч: Социалист нийгмээс Ардчилсан нийгэм рүү шилжих, картын барааны үеийн хүнд хэцүү он жилүүдэд айл бүрт энэ мэт олон олон асуудлууд ундарч байв. Хөгшин настай хүн гээд хүүхдүүдийнхээ гарыг харж гэрт суугаагүй тэрээр амаргүй адал явдалтай ч нүүр тулж байсан гэдэг.

       

Зочин: Нэг өдөр цай хоолоо зараад явж байтал цагдаа залуу ирээд намайг нэг тийш аваад явлаа. Ганц халуун сав цай, хэдэн бууз торонд үлдсэн байлаа. Тэгсэн нөгөө цагдаа цоожтой өрөөнд оруулаад, “Зах дээр зөвшөөрөлгүй юм зарлаа. Хэн танд зөвшөөрсөн юм, олсон мөнгөө гаргаад ир? гээд загнаж гарлаа. “Цай хоолоо тарааж өгөөд, мөнгө авч амжаагүй, одоо цай ч үгүй мөнгө ч үгүй боллоо” гэсэн. “Таныг нэг юманд хорино доо” л гэж байна. Тэгэхээр нь “За, таны эрх юм чинь хорилгүй яахав ээ, очьё оо тэр газар нь. Би гэртээ дөрвөн өнчин зээ, 100 гарсан ээжтэйгээ л хамт байгаа юм. Би гэрийнхээ түлхүүрийг чамд өгье. Тэр хүмүүсийг хоосон байлгаж болохгүй шүү. Намайг хаана аваачих юм хамаагүй, тэр газарт чинь би сайхан амраад авъя. Цай зөөгөөд явж байгаа маань миний үүрэг, намайг зөвшөөрөлгүй цай зарлаа гээд хорих нь таны үүрэг. 100 гарсан ээжийгээ, өнчин хэдэн зээ нараа хоосон хонуулалтай нь биш гээд эмээ нь ингэж яваа юм аа. Миний ч зөв, чиний ч зөв” гэж хэлээд гэрийнхээ түлхүүрийг гаргаад өмнө нь тавьчихлаа. Жаахан байж байгаад “Чи ч ялгаагүй, би ч ялгаагүй хүн. Алив миний хүү нэг аяга цай уучихаад намайг өнөө газраа хүргээд өгчих, энэ хоолыг ч идчих” гээд аяганд нь буузаа хийгээд өгчихлөө. Буузыг минь идээд, цайг минь уучихлаа. За тэгээд нөгөө газраа очьё доо хоёулаа гэсэн чинь “Та дахиж миний нүдэнд бүү өртөөрэй” гэж хэлээд л явуулчихна лээ. Тэрнээс хойш би нэг ч хүнд хөөгдөөгүй, өрөө дарж дуусаад сэтгэл амар сайхан амьдарсан даа.   

               

Сэтгүүлч: Өдгөө өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээс болсон энэ настан амьдралын үнэнийг, зовлон жаргал хэмээх ойлголтыг өөрийн өнцгөөс тайлбарлахыг, өнгөрсөн амьдралын алдаа оноогоо хэрхэн дүгнэхийг хамтдаа уншицгаая.

       

Зочин: Өнгөрүүлсэн амьдралаа дүгнэж хэлэх юм бол хүнд алддаг, онодог юм аль аль нь л бий. Хүнд бас аз хийморь гэж юм байдаг. Өдий нас наслахдаа маш их юм үзжээ. Ханиа алдлаа, ээжийгээ алдлаа, харин үр хүүхдүүд минь тоо бүтэн, толгой мэнд яваа нь их хувь юм даа. Энэ насандаа нэг зүйлийг ойлгосон. Айна, ичнэ гэдэг жаргалтай хүний шинж юм билээ. Зовлонтой хүн айхаа мэдэхгүй, ядуу хүн ичихээ мэдэхгүй. Өвчтэй хүн ичихээ мэдэхгүй. Хүн жаргаж л айдаг юм билээ шүү.

 

        Сэтгүүлч редактор Юрагийн Шүрэнцэцэг.

 


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0