О.Алтансүх: Халамж байх ёстой, гэхдээ хөгжлийг илүү дэмжих шаардлагатай

 

“Гэр бүлийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах болон хүүхдийн эрх хөгжил, хамгааллын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилтийг хангах, залуучуудын хөгжил, нийгмийн оролцоог дэмжихэд оршино” гэсэн гэгээн зорилгоор жигүүрлэн нийгмийн сүүдэр дэх асуудал бүртэй нүүр тулдаг нэг эрхмийг энэ дугаарынхаа зочноор урьсан юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй салбарынх нь талаар, ажлынх нь талаар, гэр бүлийнх нь талаар ийн ярилцлаа.

 

Гэр бүл бүрийн тогтвортой байдалд санаа тавьж, хүүхэд нэг бүрийг хамгаалж, залуу хүн бүрийн нийгмийн оролцоог дэмжихийн зэрэгцээ энэ бүгдийг хөгжилд хөтлөх төрийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллагыг толгойлж буй хүний гэр бүлтэй манай уншигчид танилцахыг хүсэх нь лавтай. Гэр бүлийн тань талаар ярилцлагаа эхэлвэл та дургүйцэхгүй биз дээ?

 

Миний насны залуусын гэр бүлд буцалдаг амьдрал л манайд буцалж байна. Том хүү амьдралын босго давах насанд хүрч. Удаах нь дунд ангид сурч, хоёр жилийн өмнө бяцхан гүнжтэй болсон маань гэртээ хатан хааны энтэй л эрх дархтан болчихоод байна.

 

“Аавын сургаал алт” гэдэг. Өрх бүрийн хаалгаар төрийн бодлогыг хөтлөх завгүй ажлын хажуугаар алт шиг сургаалыг үр хүүхдэдээ сургах завдал гарч байх юм уу?  

 

Би их эрт гэр бүлтэй болсон. Дунд сургуульдаа үерхэж байсан ангийн охинтойгоо гэр бүл болсон юм. Увсаас оюутан болж ирээд оюутны байранд орж, дараа нь хажуу өрөө түрээслээд амьдралаа эхэлж байлаа. Одоо хоёр зүйлийг бахархалтайгаар дурсаж, эхнэртээ хэлдэг юм. Эхнийх нь, 19-тэйдөө амьдралаа холбосон гэхээр амьдралынхаа 54.3 хувийг чамтайгаа хамт өнгөрөөжээ гэж. Хүүгийн минь нас, гэр бүлийн маань ой чацуу.

       

Анх 19-тэй байхад эхнэр хөл хүнд боллоо. Хэн хэн маань баярлаад, хөл хөөрцөг болно биз дээ. Гэтэл эхоны эмч “Та хоёр чинь яасан сонин хүүхдүүд вэ. Өөрсдөө хүүхэд, тэгээд хүүхэдтэй болж байна гээд баярлаад байх юм” гэж байсан. Хэрвээ төлөвлөөгүй жирэмслэлт бол шийдэх гарц бий гэдгийг битүү хатуу сануулж л байсан. Тухайн үед үр хөндөлт түгээмэл, ямар аюултай байлаа. 

       

Одоо миний хүү амьдралын босгон дээр ирээд байна. Эрсдэлтэй, аюултай шийдвэр бүү гаргаарай. Тухайн үед аав, ээж хоёр нь, эсвэл нэг нь буруу шийдвэр гаргасан бол чи энэ хорвоод төрөхгүй шүү дээ гэдгийг хэлж, захидаг. Хүүхдүүдтэйгээ аль болох нээлттэй ярилцахыг хичээнэ ээ. Зөвлөж, заахаас илүү үлгэрлэхийг боддог.

       

Монголчуудын хүмүүжлийн арга бусад улсынхаас ялгаатай юм байна. Бидэнд тусгайлсан жор, загвар, хэвлэл товхимол байдаггүй. Ердөө үлгэрлэн хүмүүжүүлдэг арга барилтай юм билээ л дээ. Хүүхэд эцэг, эхийгээ харж, тэднээсээ үлгэр авч дуурайна. “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй юм байна гэдгийг саяхнаас эргэцүүлж тунгааж байна. Охид ээжийгээ дуурайж хүмүүждэг бол хөвгүүд ааваасаа үлгэрлэн төлөвшдөг байх.

       

Нийгэмд үүсээд байгаа олон асуудлын учир шалтгаан энд бий. 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үеэр дийлэнх эцэг, эх гэр бүлийнхээ анхдагч хэрэгцээ буюу идэх хоол, толгой хоргодох орон байр, мөр халхлах бүтэн хувцаснаас цаашихыг бодох сэхээгүй байж. Хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах ёстой ээжүүд ганзагын наймаанд явж, өдөр шөнөгүй зах дээр арилжаа худалдаа эрхлээд завгүй болсон. Нөгөө талд нь хүүхдүүд хараа хяналтгүй орхигдчихсон. Яг энэ үеийн хүүхдүүдийн асуудал өнөөдөр нийгэмд бууж байна. Тэд аав ээж болсон. Үл хайхрах, эерэг бус аргаар хүүхдээ хүмүүжүүлж байна.

 

Нийгмийн шилжилтийн үеийн хүүхдүүд өнөөдөр аав, ээж болсон. Тэдэнд гэр бүлийн хүмүүжил, боловсрол дутмаг байснаас олон асуудал үүсч байгаа талаар танай байгууллагын нэг мэдээллийн үеэр сонсож байсан юм байна?

 

Энэ асуудал манай байгууллагын нуруун дээр буугаад байна гэж хэлсэн ч болно. Жишээлбэл, 2018 оны 1-8 дугаар сарын байдлаар 1118 хүүхэд манай хамгаалах байраар дамжин өнгөрсөн байна. Эдгээр хүүхдийн эцэг, эхчүүд 35-аас доош насных байгаа шүү. Тэднээс юу ажиглагдаж байна вэ гэхээр “Угаасаа л ээж, аав гэдэг ийм байдаг” гэсэн хандлага харагдаад байдаг юм. Хүүхэд төрүүллээ, хэсэг байж байгаад болохгүй бол эсвэл ядрахаараа “асуудал” гэж үзээд шийдэл хайгаад эхэлдэг. Манай хамгаалах байрыг уг нь нууцалдаг юм. Гэвч хамгаалах байрны гадаа хүүхдээ орхиод явчихна. Бид тэр хүүхдийг авахгүй, асрахгүй, хамгаалахгүй гээд яах билээ.

       

Өсвөр насандаа гэр бүл болж “тоглож” байна. Хүүхэдтэй болохоороо гэрлэдэг. Асуудал, бэрхшээл тулгармагц хаядаг. Маш хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэрийн нөхцөлд тасралтгүй арчилж байгаа 10 мянга орчим ээж Монголд бий. Эдний маань 80 орчим хувь нь өрх толгойлсон ээжүүд. Хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй төрөхөөр аав нь орхиод явчихаж байна. Ингээд хүнд, хэцүү энэ ачааг ээж ганцаараа үүрэхээс өөр сонголтгүй болдог.

 

Та харьцангуй залуу аав болж. Тэр үед төрөөс гэр бүлд зориулсан бодлого гарган, хэрэгжүүлдэг гэдгийг мэдэж байсан уу?

 

Үнэндээ, миний гэр бүлтэй болох эсэх нь төрд ямар нэг байдлаар хамааралтай, баримталдаг бодлого чиглэл байдаг гэж мэдээгүй. Өнөөдөр бидний ажилд ч энэ зовлон тулгарч байна. 2016 оноос хойш бидний хийсэн нэг томоохон ажил бол 21 аймаг, 9 дүүрэг тус бүрт 2 мэргэжилтэн бүхий “Залуус хөгжлийн төв”-ийг байгуулсан. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталсны үр дүнд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр байгуулагдсан бүтэц. Энэ төв дээр гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл, сургалт явуулж байна.

 

Хэр олон залууст хүрч ажиллаж байна вэ?

 

Маш бага. 2018 онд гэхэд л улсын хэмжээнд 2500 залуу гэр бүлд үйлчилжээ. Залуучууд сонирхохгүй, зорьж очихгүй байна. Тэгэхээр гэр бүл рүү чиглэсэн төрийн бодлого нэлээд том, зарчмын шинжтэй байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзахдаа 1999 оноос хойш гэр бүлийн талаарх эрх зүйн орчин өөрчлөгдөөгүй талаар ярилцаж байлаа. Нэг үнэн гэвэл салалт, үүнээс үүдсэн өмч, асран хамгаалах эрхийн талаарх маргааныг шийдэх гэж шүүгч нар л өнөөдөр Гэр бүлийн тухай хуулийг “хэрэглэж байна” гэхэд хилсдэхгүй.

       

Одоогоор 16 аймагт гэр бүлийн зөвлөгөө өгөх төв бий. Энэ жилдээ бүх аймагт байгуулахаар төлөвлөж байна. Ийм төвөөр хэн үйлчлүүлдэг гээч? Дандаа эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ авч буй хос. Өөрөөр хэлбэл, ниргэсэн хойно нь хашгирч байна. Тэгэхээр урьдчилан сэргийлэх зорилгоор, ялангуяа өсвөр үеийнхэнд мэдээлэл, таниулга хийх ажилд анхаарал хандуулна гэж төлөвлөөд бид тооцоо, судалгаа хийж байна.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай нягт хамтран ажиллах шаардлага бий гэсэн үг үү?

 

Уг нь бол тийм. Гэвч боловсролын байгууллагуудын танхимаар үзүүлж байгаа ерөнхий боловсролын хичээлүүдийн агуулга, ачаалал чинээндээ тулчихсан байгаа. Өсвөр үеийн хүүхэд залуустай, ялангуяа нийслэл хотод хичээлийн дундуур, эсвэл хичээлийн дараа энэ чиглэлээр сургалт, мэдээлэл хийх боломжгүй. Тиймээс сургуулийн орчинд бус харин өдөр өнжүүлэх төв, зуслангаар дамжуулан энэ төрлийн мэдээлэл, боловсролыг олгох гарц байна гэж бид үзсэн. Ойрын хугацаанд Засгийн газар өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаатай холбоотой тогтоол гаргах байх. Энэ хүрээнд сургуулийн орчинд байгаа өдөр өнжүүлэх төвүүдийг БСШУСЯам хариуцах бол өдрийн үйлчилгээ үзүүлж буй бусад төвийг манай газраас харьяалан, хариуцах нь зүйтэй гэдэг концепци рүү явж байна.

       

 

Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар 5200 орчим хүүхэд өдөр өнжүүлэх төвөөр үйлчлүүлж байгаа. Эдгээр төв хүүхдийг өглөө хүлээж авлаа, хооллоно, сургуульд нь хүргэж өгч, авна, хичээлийг нь давтуулна. Уг чанартаа бол өдөр өнжүүлэх төвүүд хүүхэд нэг бүрийг нийгмийн харилцаанд бэлтгэх, хувь хүний хөгжлийг нь дэмжих үйлчилгээ үзүүлж байвал зохистой. Хүүхэд хөгжлийн чиглэлээр энэ жилд том дэвшил, ахиц гаргахаар төлөвлөөд ажиллаж байна. Өдрийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийн тоог 200 мянгад хүргэх зорилт тавьж байна.

       

Мөнгө, санхүү хичнээн боломжтой байгаад үр хүүхэд хүмүүжил, төлөвшилгүй байвал яах билээ. “Үр муу үүрдийн зовлон” гэдэг дээ.

 

Ажлаа хүлээн авч байсан үеэ эргээд харахад энэ бүх ажил, төлөвлөгөөний эхлэлийн цэг хаана байж вэ?

 

Хүүхдийн байгууллага маань 90 жилийн түүхтэй. Хүүхдийн төлөө үндэсний газрын суурин дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар байгуулагдсан. 2016 онд ажил хүлээж авахад эрх зүйн орчин шинэчлэгдсэн, тэдгээрийг хэрэгжүүлэх шаардлага тулгарчихсан байсан. Үүнд манай байгууллагын бүтэц, мэргэжилтнүүдийн чадавх, хүрэлцээ, төсөв бэлэн байсан уу гэдэг өөр асуудал. Би ажил авмагцаа хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр нэлээд ажилласан. Хүүхдийн тусламжийн 108 утас дэргэдээ хүүхэд хамгааллын төвтэй болж, яаралтай тусламжийн машинтай болсон. Ингэснээр эрсдэлт орчноос 487 хүүхдийг хамгааллын төвд хүргэсэн байдаг. Энэ дэд бүтцийг байгуулаагүй бол 487 хүүхдийн хувь заяа хаашаа эргэх вэ гэдэг асуултын тэмдэг. Энэ утгаараа манай байгууллагын 900 гаруй ажилтны хийсэн ажил үр дүнтэй гэж хэлнэ. Их ажлыг бид амжуулсан.

       

Олон улсын хүүхэд хамгааллын чиг, хандлагыг бид харж, судалж байна. АНУ, Япон, ХБНГУ, БНСУ ч тэр хамгааллын тогтолцооны асуудлыг ТББ-аар гүйцэтгүүлж байна. Энэ концепци руу бид явах ёстой. Анх ажил авахад манай газарт ийм харилцаа байгаагүй. Одоо бол хамарч байгаа хүрээгээрээ ч, өгч буй санхүүжилтээрээ ч 3 орчим хувьтай байна. Энэ жил магадлан итгэмжлэгдсэн 19 ТББ бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдийг нөхөн сэргээх, гудамжинд тэнэж байгаа, гэр бүлээ тэжээхээр хөдөлмөр эрхэлж байгаа, тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа гээд 1000 орчим хүүхдэд үйлчилгээ үзүүлэх, хамгаалах үүрэг хүлээн ажиллана. Энэ цар хүрээ цаашдаа илүү томрох ёстой. Чадвартай, туршлагатай мэргэжилтнүүд өнөөдрийн цалин хөлсөөр төрийн албанд цаг наргүй ажиллахгүй. Нөгөө талд тэд мэргэжлийн, чадавхжсан ажлаа хийж хэрэгцээтэй газар үр дүнтэй үйлчилгээ, тусламж үзүүлэх ёстой. Төр хүрч чадахгүй хэсэгт мэргэшсэн, чадвартай мэргэжилтнүүд бүхий ТББ-ууд үйлчилгээг хүргэж байгаа юм.

       

Анх удаа манайх бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүдэд стратегийн өмгөөлөл хийсэн. Харилцан адилгүй шийдэгдсэн гурван тохиолдол байсан. Өөр нэг баримт гэвэл ийм төрлийн гэмт хэргийн золиос болсон хүүхдүүдийн 34.8% нь л шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцсон байдаг юм билээ. Өнөөдөр төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэмт хэрэгтэн ч гэлээ тэр хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгосон байна. Харамсалтай нь, хохирогчид энэ төрлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх тухай асуудлыг орхигдуулж. Бага насны хүүхдүүд ихэнхдээ хойд эцэг ч юм уу, хамаатан садны хүчирхийлэлд өртдөг. Харин ээжүүд нь нөгөө талтайгаа харилцан тохирох байдлаар асуудлыг дарагдуулдаг, намжаах нь элбэг байна.

       

Энэ стратегийн өмгөөлөл бол асар их үнэ цэнээр хийж буй зам засах ажиллагаа. Мөрдөн байцаах, хэрэг бүрдэл, прокурор, шүүхийн шатанд гарсан алдаа, дутагдлыг тогтоосон өмгөөлөгчдийн дүгнэлт, саналыг хууль санаачлагчдад хүргүүлсэн. Үүн дээр нэлээн том өөрчлөлт гарна гэж найдаж байна.

       

 

Манай хүүхдийн эрхийн 32 байцаагч 16 төрлийн зөрчлийг шалган, шийдвэрлэдэг. НҮБ-ийн Хүүхдийн сан, хуульчидтай хамтран Зөрчлийн хууль дахь хүүхдийн зөрчлийн асуудлыг нягталж, нийтдээ таван ангилал бүхий 88 төрлийн зөрчил байх юм байна гэж томьёолсон. Энэ санал холбогдох төсөлд тусгагдана гэж бодож байна. Эдгээр нь шинэчлэн боловсруулж буй Гэр бүлийн тухай хуультай нийлээд цогц болно гэж харж байна.

       

Өнгөрсөн хугацаанд хийсэн бас нэг чухал ажил бол хүүхэд хамгааллын даатгал. Бид машинаа даатгуулдаг, байраа, үнэт эдлэлээ даатгуулдаг. Эрсдлээс сэргийлээд тэр шүү дээ. Хамгаалалтай холбоотой дэлхийн чиг хандлага угаасаа л даатгал.

 

Бид хөрөнгөө бол даатгуулж сурсан, харин хүүхэд-даатгал гэдэг хоёр үг нэг л авцалдахгүй нь?

 

Олон улсад хүүхэд хамгаалал, эрсдлийг даатгал үүрдэг. Хүүхдээ эрсдлээс хамгаалахаар мөнгө төлж байна гэдэг ойлголт нь эцэг, эх нь хэр их анхаарал тавьж байгаагийн илрэл гэж хардаг. “Би хамгаалж чадахгүй байгаа хэсгүүдийг даатгал хамгаалах юм байна” гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Сургуулиас гэр хүртэлх зам бүрэн даатгалтай. Дээр нь тээврийн хэрэгсэл хүүхдийн суудал/автомашин хүртэл/ даатгалтай байх жишээтэй.

 

Бид өнгөрсөн жил Засаг дарга нар, хэсэг, хороо, багийн байцаагч нарын оролцоотойгоор Монгол Улсад байгаа нэн эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдээ бүртгэлжүүлсэн. 22 мянган хүүхэд нэн эрсдэлтэй орчинд амьдарч байна. Одоогоор даатгалын зах зээл дээр хоёр байгууллага хүүхдийн даатгалын бүтээгдэхүүн гаргаж байгаа. Хамгийн том эрсдлээр тооцвол хүүхэд алга болоход түүнийг эрэн хайх зардал, гэнэтийн осолд өртөхөд нөхөн сэргээх зардал, эрх зүйн туслалцааны, эрүүл мэндийн үйлчилгээний гэх мэт зардлуудыг даатгалын байгууллага хариуцах юм. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийлэл, эрх зөрчих асуудлуудын дийлэнх нь бүртгэгддэг нэн эрсдэлтэй орчинд амьдарч буй 22 мянган хүүхдийн даатгалын зардлыг төр хариуцаж байна.

       

Үүний үр дүнд даатгалын үйлчилгээ авахаас гадна нийгмийн анхаарлыг тэр зүгт хандуулна. Хороо, хэсгийн ахлагч нар, даатгалын байгууллагууд тэр хэсгүүдэд, тэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, эрсдлийг бууруулахаар ажиллах нөхцөл үүснэ. Жишээлбэл, уралдаанч хүүхдүүдийн асуудал. Өмнө нь уралдаанч хүүхдийг 2 сая төгрөгийн нөхөн төлбөр авахаар тооцож, 20 мянган төгрөг төлдөг байв. Хүүхэд нас барсан тохиолдолд 2 сая төгрөг л авах гээд байна шүү дээ. Бид хоёр жил гаруй шаргуу хөөцөлдсөн, Санхүүгийн зохицуулах хороо, даатгалын байгууллагуудтай ярилцсан. Үр дүнд нь “Хурдан морь унаач хүүхдийн даатгал” гэдэг даатгалын шинэ бүтээгдэхүүн гаргасан. Гол ач холбогдол нь даатгал ажиллаад, хурууны хээний бүртгэлийн систем ашиглаад эхлэхээр нэн тэргүүнд бүртгэл маш цэгцтэй, тодорхой болсон. 2016 он хүртэл бид 90 мянга орчим унаач хүүхэд байдаг гэсэн тоо баримттай байлаа. Үүнээс даатгалын бүртгэлийн үр дүнд мэргэжлийн хэмжээнд, тогтмол хурдан морь унадаг 3120 гаруй хүүхэд байгааг тогтоосон. Маш их эсэргүүцэл дунд бид унаач хүүхдийн даатгалын хураамжийг 100 мянган төгрөг болсон. Ач холбогдлыг одоо л хүмүүс ойлгож эхэлж байна. Уралдаанч хүүхдийг эрсдлээс хамгаалахад ээж, аав, уяач төдийгүй даатгалын байгууллага хамтран ажиллаж байгаа юм. Одоо даатгалын компаниуд ямар санал хэлж байна гээч. “Алтансүх дарга аа, хамгийн том эрсдэл гараан дээр байна. Гарааны төхөөрөмжийг сайжруулья. Нэг насанд уралдаж байгаа морьдын тооны дээд хэмжээг тогтооё” гэх зэргээр ярьж эхэлж байна. Одоо суурь хураамж өндөр, нөхөн төлбөр өсөх хэрээр даатгалын компаниуд эрсдлийг бууруулах арга замыг хайж, эцэг эхчүүд уяачид ч хамгаалах хэрэгсэл зэрэгт ач холбогдол өгч байна. Өнгөрсөн хугацаанд өвлийн уралдааныг хориглох чиглэлээр ихээхэн ажилласан. Хүүхдийн эрхийн конвенцийн зөвлөмжинд ч хүүхдээр морь унуулахыг хориглохыг шаарддаг. Бид санал нэгтэй ажиллаж байна. Шат шатаар зорилго руу дөхөхийн зэрэгцээ, энэ хугацаанд хүүхдэд учрах хор хохирлыг бууруулах чиглэлээр зүгээр суухгүй, хичээж ажиллаж байна.

 

Хүмүүс энэ төрлийн мэдээ мэдээлэлд хэр соргог байдаг юм бол. Улс төрийн мэдээ мэдээллээр цалгисан нийгмийн сүлжээгээр “амьсгалж” байгаа хүмүүс хүүхэд хамгааллын талаар, хүүхдийн аюулгүй байдлын талаар тус бүртээ гарц шийдэл эрэлхийлэхээс илүү гомдол тавих нь олон байх шиг харагддаг?

 

Аливаа харилцаа эрэлт дээр тулгуурлаж өрсөлдөн, хөгждөг. Хүүхэд хамгааллын асуудал хүмүүсийн хэрэгцээ, шаардлага болж байна уу гэхээр энэ нь өөрөө асуудал.

       

Өнгөрсөн жил гэхэд л манай байгууллага 17 мянган хүүхдэд хамгааллын үйлчилгээ, 100 орчим мянган хүүхдэд хөгжлийн үйлчилгээ үзүүлжээ. Хөндлөнгийн үнэлгээг гадны байгууллагаар хийлгэсэн. Манайхаас үйлчилгээ авсан хүмүүс бол ач холбогдол, үр ашгийг нь ойлгож, үнэлж байгаа юм. Гэр бүл салах болоход, нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх бол, асран хамгаалах эрхийн төлөөх маргаан шийдвэрлэх хэрэгцээ үүссэн хүмүүс л манай байгууллагад ханддаг. Одоо бид бусад хэсэгт хүрч үйлчлэх арга замыг судалж байна.

 

 

Та Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа талаар цухас дурдлаа. Практикт зөвхөн шүүх шатанд хэрэглэгддэг эрх зүйн орчныг хэрхэн тогтвортой, баталгаатай гэр бүлийг дэмжих хууль болгон өөрчлөх гэж байна вэ?

 

Гэр бүл нь сэтгэл зүй, ёс суртахуун, эдийн засаг, эрх зүй зэрэг нийгмийн олон төрлийн харилцааг багтаасан нийгмийн анхдагч нэгж, өвөрмөц орчин байдаг. Харин энэ орчныг зохих ёсоор, цэвэр тунгалаг байлгахад чиглэсэн төрийн бодлого, үйлчилгээ хомс байна.

       

Гэр бүлээ салгуулахаар, шүүхээр маргаантай байсан 17 гэр бүлийг сонгоод 2017 онд Баянхонгор аймгийн Өвгөнжаргалант гэдэг зусланд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэр бүл бүрийг баг болгон өрхийн төсвийн талаар, гэр бүлийн зөрчлийг шийдвэрлэх арга гэх зэрэг сургалт явуулсан. Хамтдаа байх, зорилгынхоо төлөө нэг баг болж ажиллах, ойр байх, ойлголцох бололцоог бүрдүүлсэн. Ердөө тав хоногийн сургалтын үр дүнд 17 гэр бүл маань цаашдаа хамт амьдрах шийдвэр гаргасан. Үүнээс юу харагдаж байна гэвэл гэр бүлийг тогтоон барих нийгмийн үйлчилгээ дутагдаж байна. Дэлхийн зөн байгууллагын санхүүжилтээр МУИС-ийн Социологийн тэнхим, нэр бүхий агентлагтай хамтраад бид анх удаа Монгол гэр бүлийн хэрэгцээний талаар судалгаа хийлээ. Ядуу гэр бүл, олон хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй гишүүн бүхий гэр бүл, архины хамааралтай гэр бүл, шилжин суурьшсан гэр бүл, хэвийн гэр бүл гэх зэргээр нийт 12 бүлэг хэрэгцээг томъёоллоо. Шинэчлэн боловсруулах Гэр бүлийн тухай хуулийн төсөл энэ судалгаанд суурилж, эдгээр харилцааг зохциуулахад чиглэх юм. Гэр бүлүүд харилцан адилгүй, гэхдээ тэдгээрийг бүлэглэж болж байна. Тус бүрийнх нь хэрэгцээ, шаардлагыг судалснаар аль хэсэгт төр засгаас бодлогын түвшинд ямар ажил, үйлчилгээ хийж болох талаар тодорхойлж болж байна. Өнөөдрийн байдлаар төр халамжийн үйлчилгээг голлон үзүүлж байна. Гэхдээ халамжийг хумьж, гэр бүлийн үйлчилгээг дэмжсэн бодлогыг тэлэх цаг болсон. 700 орчим тэрбум төгрөгийг халамжийн үйлчилгээнд зарцуулж байгаа. Харин сая хүүхдийн хөгжил, хамгаалалд 8 тэрбум төгрөг төсөвлөхөд “ямар их мөнгө вэ” гэх хандлагатай. Яг энэ чиглэлд бүх шатандаа үр ашигтай үйлчилгээ үзүүлж чадвал ирээдүйн олон асуудлаа шийдэх юм шүү дээ. Халамж байх ёстой, гэхдээ хөгжлийг илүүтэй дэмжих шаардлагатай. Дэлхийн жишиг ч угаасаа ийм. Гэр бүлийг дэмжиж, асуудлаа шийдэх боломжийг нь олгож байж хамгааллын зардлаа хянадаг, хумьдаг.

       

Ойлгомжтой болгох үүднээс ХБНГУ-ын нэг жижиг хотын жишээг ярья. Хот халамжийн төсвийнхөө 70 хувийг томоохон бизнес бүхий 6 гэр бүлийн бизнесийг дэмжихэд зарцуулж байгаа гэж байна. Гайхна биз дээ, яахаараа нийтийн төсвөөр 6 гэр бүлийн том бизнесийг дэмжиж байгаа юм бэ? Хариулт нь их сонин, тэр 6 гэр бүлийн бизнесээс нь тухайн хотын 20 мянга гаруй өрхийн амьжиргаа, ажил, орлого хамааралтай байдаг аж. Тэгэхээр тэр бизнесүүд хумигдах хэрээр тухайн хотын нийт айл өрхүүдийн амьжиргаа, амьдралын чанарт ямар нөлөө үзүүлэхийг тооцоод, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа юм.

 

Манай нөхцөл урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах бололцоо олгодоггүй. Харин шийдвэрлэхийг шаарддаг, эхнийхийг нь шийдэхэд дараагийнх нь шийдүүлэх гээд эцэс төгсгөлгүй дугаарлаад зогсож байдаг?

 

Ер нь хөдөлмөр эрхэлж, баталгаатай амьдарч байгаа хүн тэр бүр архи уугаад л асуудал үүсгээд байдаггүй. Бид халамжийг хумьж, хөгжлийг дэмжих ёстой гэж харж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын концепци нь энэ.

 

 

Өөрийн тань хувьд Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын орлогчоор ажиллаж байсан туршлагатай. 2016 онд Засгийн газрын шинэ бүтэц болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг толгойлоход арай дөхөм байсан болов уу. Ажлын эхний өдрийн талаар дурсвал…?

 

Ажлаа хүлээж авмагцаа би Хүүхдийн төв сувиллын удирдлага руу утсаар ярьсан. Яагаад гэхээр 3 нас 6 сартай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гудамжинд хаясан байсныг 108 төв дээр хүргэж авчирсан байлаа. Надад тэр хүүхдийг байлгах газар үнэндээ байгаагүй. Өрөөндөө байлгалтай биш. Тэгээд л төв сувилал руу асуулаа, гэтэл тэдний журмаар 0-3 настай хүүхдийг асарч, сувилахаар авдаг гэж байна. Харин ирсэн хүүхэд маань 3 нас 6 сартай. Ээж нь олдохгүй. Ингээд л хүүхэд хамгааллын анхан шатны тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай шууд нүүр тулсан.

       

Одоо Хүүхдийн төв сувилал маань 108 төвөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээж авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

 

Танай байгууллагын эрхэм зорилго их гэгээлэг, харин та бүгдийн өдөр тутмын үйл ажиллагаа нийгмийн сүүдэр хэсэгт хүнд асуудлуудтай нүүр тулдаг. Гурван хүүхэдтэй аав, өрхийн тэргүүн, нийгмийн идэвхтэй залуу хүний хувиар эмзэглэл төрөх хүнд үе цөөнгүй биз?

 

Ганц би биш, манай газрын 900 хүн ажлаасаа үүдсэн сэтгэл зүйн хүнд ачааг үүрдэг. Нойргүйдэл, стресс бол энүүхэнд. Гэхдээ чадна гээд эхэлсэн, хийе гээд зүтгэж байна. 20 жилийн дараа хүү минь надаас “Та тэр ажлыг хийж байсан, өөрчлөх сайжруулах боломж байсан. Та яагаад хийгээгүй вэ” гэж асуухад би юу гэж хариулах вэ. Хэцүүг хэвийн болгож, хэвийн байгааг илүү сайн болгохын төлөө өнөөдөр бид чадлаараа ажиллах ёстой.

 

Хүүхэд хамгааллын асуудал их эмзэг. Дурсмааргүй цочир асуудлууд нийгмийг доргиох бүрийд танай газрын нэр, та бүхний ажил үйлс холбогдоод таагүйгээр цоллогдох нь бий. Энэ их сэтгэл, зүтгэлийн дараа ийм дүгнэлт сонсох урамгүй байдаг биз дээ?

 

Таагүй асуудлуудтай манай газар, миний нэр холбогдож байгаа. Гэхдээ өөр яах билээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид агентлагийнхаа ажил, үйлчилгээг шинэ шатанд гаргаж чадсан гэж боддог. Бүх зүйл өргөс авсан мэт шийдэгдэхгүй. Манай салбарын 900 ажилтан үүний төлөө зүтгэж, зорьж ажиллаж байна. Өнгөрсөн онд 1118 хүүхдийг бид хамгаалжээ. 17000 хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн. Тоо бүрийн ард хүүхэд, түүний хувь заяа, ирээдүй бий. Цаашид бидний ажил эрчимжих, хүүхэд хамгааллын хүртээмж нэмэгдэх хэрээр илрүүлэлт өснө. Дээрх тооны хүүхдийг төр хамгаалсан байхад цаана нь 22 мянган хүүхэд эрсдэлтэй орчинд байна. Бид халширмаар, халагламаар, зүрх шимшрэм нөхцөлд хүрч ажилладаг. Хамгийн сайхан нь бид үүнийг олж, чадах хэрээрээ хамгаалж, нэг хүүхдийг ч сайн сайхан руу хөтлөхөөр зорьж байна. Бидний ажлын гэгээн сайхан нь энэ.

 

Нийгмийн чухал эд эс болох гэр бүл, хүүхэд, залууст төрийн бодлого, үйлчилгээг хүргэх гээд цаг наргүй их ажиллахын цаана өрхийн тэргүүний үүрэг цалгардаад байгаа юм биш байгаа гэж бодогдож байна шүү?

 

Томилолтгүй үедээ амралтын өдрийг аль болох гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг хичээдэг. Хүүхдүүдтэйгээ бужигнаад, гал тогоондоо нэг өдөр эргэлдээд, гэр бүлээрээ тойрч суугаад ярилцах надад ч тэдэнд маань ч сайхан амралт болдог. Гэргий маань арын албыг нэр төртэйгөөр авч явж байгаа болохоор би ажилдаа бүрэн төвлөрч ажилладаг. Ажил гэсээр хүүхдүүдээ хайраар дутаахгүй байхсан гэж хичээдэг. Хайраар дутсан хүүхэд л асуудалд хөтлөгддөг.

 

Өрөөлийн хүүхэд гэж байдаггүй. Аминаасаа илүү хайрлаж, энхрийлж өсгөдөг хүүхдүүдтэй минь мөр зэрэгцэн амьдрах, ирээдүйд ажлынх нь хамтрагч, найз нөхөд, бүр гэр бүл нь болох магадлалтай учир хүүхэд бүрийн төлөө өнөөдөр санаа тавих ёстой гэдэг. Монголчуудын хандлага ямар байна?

 

 

Монгол хүн бүр нэгнийнхээ төлөө санаа тавьдаг шүү. Үүнийг нь зөв хөхүүлэн дэмжих ёстой. Сайн дурын үйл ажиллагаа ба нийгмийн хариуцлагын талаарх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол санаачлан боловсруулж байгаа юм байна лээ. Нийгмийн хариуцлагатай байгаа хүмүүс, байгууллагыг дэмжих учиртай. Одоо цагдаагийн байгууллага дээр Монголчуудын нийгмийн хариуцлага, санаачилгатай байдлыг ашиглаж мөнгө босгосон гэмт хэргүүд шалгагдаж байна. Энэ бол алсаараа их хор хохиролтой. Бие биедээ дэм болж, сайн сайхныг хүсдэг нийт Монголчуудын нийтлэг зан суртахуунд итгэл алдрах эрсдэл харагдаж байна. Тиймээс үүнд анхаарч, хуулийн төслийн хэлэлцүүлэгт манай байгууллага идэвхтэй ажиллан, сайн дурын үйл ажиллагаанд оролцогчдыг бүртгэх, хамтран ажиллахад анхаарч ажиллана. Энэ жилийн манай байгууллагын төсвийн тодорхой хувь тэдгээртэй хамтран, тэдний үйл ажиллагааг дэмжихэд зарцуулагдах юм. Хандивын үйл ажиллагааны тогтолцоог ил, нээлттэй, эрүүл, зөв болгох ёстой.

       

Монголын эмэгтэйчүүдийн холбоо дэргэдээ сан үүсгэн байгуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Сангийнхаа цар хүрээг өргөжүүлэн Монголын хүн амын сан болгочихвол олон чиглэл, салбарт хүрч ажиллах бололцоо бүрдэнэ. Хэрэгцээ ч бий, энэ талаар санал солилцоод явж байгаа. Тухайлбал, гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай нэгэнд, эсвэл амжилт бүтээлээрээ олон улсын тавцанд өрсөлдөх хүүхэд залууст хүрч ажиллахад дэмжлэг үзүүлдэг байя гэж хүсдэг. Үүнд төрийн зүгээс тодорхой дэмжлэг үзүүлдэг, хувь хүн, байгууллага, олон улсаас нээлттэй дэмжлэг авдаг байгаасай гэж зорьж байна. Үүнийгээ буцаагаад хэрэгцээт хэсэгт хүргэхдээ тал бүрийн төлөөллийг оролцуулан хамтын шийдвэр гаргадаг байх хувилбар яригдаж байна.

 

Цаг гарган бидэнтэй ярилцсан Танд баярлалаа.

 

 


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.