Ш.Ганзоригийн гэр бүл: БИД ДЭЛХИЙН ХҮНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛНЭ

 

Хүүхэд…  Энэ нэрийг сонсмогц гэр бүлийн аз жаргал, эх орны ирээдүй, хүн төрөлхтний залгамж үе хамгийн түрүүнд бодогддог. Хүүхэд бол ариухан, хиргүй, тунгалаг хамгийн сайхан агуу ертөнц. Хиргүй тунгалаг сэтгэл, гуниггүй торомгор нүд, болцойсон булцгар гар, үргэлж асуун лавлан шулганах  дуу хоолой, ер нь ариун сайхан болгоныг та бид бяцхан үрсээсээ мэдэрдэг. Хүүхдээ хараад ээж, аав уярна. Сэтгэл санаанд хургасан муу муухай бүхэн алга болно. Алжаал ядаргаа ч арилна. Ерөөс хүүхэд гэдэг бол эмгүй эмчилгээ ч гэж хэлж болохоор тийм ариун,  тийм нандин зүйл билээ. Тэнтэр тунтар алхсан бяцхан үрсээ үнэрлэн суугаа аав, ээж хоёр, өдөр өдрөөр өсөн торниж яваа  үр хүүхдээрээ бахархан баярлаж, өнөр бүлийн жаргал эдэлж байгаа 30 гаруйхан настай залуусыг энэ удаагийн ӨНӨР АЙЛ буландаа урьж ярилцлаа.

 

        Өрхийн тэргүүн Ш.Ганзориг /Зоригоо/, гэрийн эзэгтэй Д.Доржсүрэн /Сүүгий/. Зоригоогийнх зургаан хүүхэдтэй. Том хүү Г.Билгүүнтулга 5-р ангийн сурагч, удаах дүү Г.Анжелина 3-р анги, дараагийн дүү Г.Жессика 1-р ангид сурдаг. Харин Г.Александра, Г.Жасмин нар цэцэрлэгт явдаг бол хамгийн бага дүү Г.Тэргүүнтулга 10 сартай.

       

Сэтгүүлч: Хүний эцэг эх хүүхдийнхээ ирээдүйн ханийг хараад таньдаг юмаа гэж биднийг оюутан байхад багш  маань хэлдэг байж билээ. Багшийн  тэр үгийн үнэнийг  сэтгүүлч миний бие Ганзоригийнх гэж өнөр айлд ороод ярилцаж суухдаа ойлгов.  Зоригоо, Сүүгий нарын танилцсан түүх учиртай. Одоогоос 20-иод жилийн өмнө Ш.Ганзориг Замын-Үүдэд том тэргээр ачаа зөөдөг ажил хийж эхэлжээ.  Тэр үедээ гэргийгээсээ түрүүлээд хадам ээжтэйгээ танилцсан байна. Тухайн үед Д.Доржсүрэнгийн ээж барилгын бизнес эхлүүлж урдаас барилгын материал зөөдөг байх үе. Нэгэн удаа Ш.Ганзоригт “Чи их сайн хүү байна. Бүх ажилд сэтгэлээсээ ханддаг. Итгээд ажил өгөхөд ямар ч асуудалгүй хийх юм.  Хотод очвол эгч рүүгээ яриарай” гээд утасны дугаар өгчээ. Тодорхой хугацааны дараа Ш.Ганзориг хотод ирээд нөгөө дугаар луугаа залгатал нэг охин авсан байна.

       

Чуулган эгчтэй яръя гэтэл “ээж энэ дугаар дээр байдаггүй ш дээ” гэж хэлээд ээжийнхээ дугаарыг өгснөөр Ганзоригийнх гэдэг өнөр айлын эхлэлийг тавьжээ. 

       

Зоригоо: Тэр үед чинь одоогийнх шиг вагон вагоноор ачдаггүй, хоёр гурван хүн нийлж нэг машин ачаа болгодог байсан. Олон хүмүүс нийлээд чиргүүлтэй машин /40-50 тонн/ дүүргээд бид гааль дээр татварыг нь нэг хүний ачаа шиг мэдүүлээд тээврийг нь хариуцаж ажилладаг байсан юм. 2000 оноос барилгын салбар ид хөгжиж эхэлсэн. Миний хадам аав, ээж хоёр хоёулаа инженер хүмүүс. Харин ээж маань анх сэндвичэн байшинг Монголд нутагшуулж барьж эхэлсэн хүмүүсийн нэг. Тэр үед угаалгын газрууд л сэндвичээр барьдаг байсан. Дэлгүүр, үйлчилгээний газруудыг сэндвичээр барьж болдог гэдгийг үзүүлсэн хүн бол манай хадам ээж. Ер нь  ирээдүйгээ харчихсан их хөдөлмөрч хүн. Харамсалтай нь гэнэт бие нь чилээрхээд бид маш богино хугацаанд ээжийгээ алдсан.

       

Ээжтэйгээ танилцах үед би гэр бүлгүй жижигхэн залуу жилдээ 1-2 удаа л хотруу ирдэг. Байр,  машинтай болсны дараа гэр бүлтэй болно гээд өөртөө зорилго тавьчихсан байсан үе. Нэг удаа орж ирэхдээ ээж рүү ярьтал нэг жаахан охин утас аваад ээжийнхээ утасны дугаарыг өгсөн. Утсаа салгасны дараа би тэр охин руу “ээжийгээ хайрлаж яваарай, танай ээж мундаг бүсгүй шүү” гээд мэссэж бичээд явуултал нөгөө охин “Баярлалаа, ойлголоо” гэсэн хариу ирүүлсэн. Тэр цагаас хойш бид хоёр мессэжээр харьцдаг болсон. Би чинь хүнтэй үерхэж үзээгүй нэг охин утас авангуут томоогүйтээд мессэж бичдэг болсон. Бид жил гаруй хугацаанд мессэжээр харилцсан. Нэг удаа би  хотод ирээд Анагаахын коллежийн хажуу талын Ачтан эмнэлэгт 7 хоног хэвтсэн юм. Ээждээ “эгчээ би эмнэлэгт хэвтчихсэн” гээд хэлтэл 3 хоногийн дараа охиндоо жимс, хоол унд  бариулаад явуулчихсан байсан. Коллежид сурдаг 2-р курс гээд найзтайгаа орж ирчихээд “Ахаа хурдан эдгээрэй” гэж хэлээд гарсан. Түүнээс хойш  мессэжээр харьцах үргэлжилсээр 2 жил боллоо. Аяндаа үгүйлэгдээд сууж чадахаа байдаг юм билээ. Nokia 3310–ийн хэдэн товчлуур бол яг гарт орсон.  Ажил хийж байсан ч нэг мэдэхэд л утсаа авчихсан бичих жишээтэй.

 

 

Анх хүргэн болж ирэхэд хадам ээж тань амьд сэрүүн байв уу? Хэрхэн хүлээж авсан бол?

 

Зоригоо: Эсэн мэнд байсан үе. Мэдээж сайхан хүлээж авсан. Би хотод ирчихээд одоо энэ байрныхаа хажуугаар машинтай давхихдаа энд ганц өрөө ч болов байртай болох юмсан гэж боддог байлаа. Гэтэл удалгүй 1-р сарын дундуур “Зар мэдээ” сонин хараад сууж байтал Гангарын байранд захиалга авч байна 4 дүгээр сард ашиглалтад орно гэсэн зар уншив. Тухайн үед миний том хүү ээжийнхээ гэдсэнд олдчихсон байсан. Бид 2008 оны дундуур энэ байрандаа ороход хадам ээж минь бурхан болчихсон аав плитка, сони зурагт авч өгөөд хоёулаа хөнжил гудаснаас өөр эд хогшилгүй айл болж байлаа. Түүнээс хойш ам бүл өсөөд ийм сайхан өнөр болж байна даа.

       

Сүүгий: Миний амьдралын зургийг ээж минь зурж өгсөн. Зурах зурахдаа хамгийн сайхан аз жаргалтайгаар зурж сайн ханьтай,  сайхан үрстэй болсондоо.

 

Цаашид хүүхдийнхээ  тоог нэмэх бодол бий юу?

 

Сүүгий: 8 хүүхэдтэй болно гэж боддог. Эмэгтэй хүний залуу нас богинохон. 40 хүрээгүй байхдаа дахиад хоёрыг гаргая гэж төлөвлөж байгаа. Миний том хүү хоёр эрэгтэй дүүтэй болмоор гэдэг байсан. Гэвч дөрвөн охин дүү дараалан ирсэн. Багыгаа олчихоод жирэмсэн болчихож гэж ханьдаа хэлэхэд тав ч байсан зургаа ч байсан ялгаагүй өсгөнө. 5 хүүхдэд бантан хийсэн 6 хүүхдэд бантан хийсэн яг адилхан гэж хэлсэн. ЭХО-д харуултал хүү байна гэхэд нь шууд л уйлчихсан. Тэгээд л энэ жижигхэн хүү маань ирсэн дээ.

 

Танай охидын нэр анхаарал татлаа. Яагаад гадаад нэр охиддоо өгсөн юм бэ?

 

Зоригоо:  Бүх хүн үр хүүхэд ач зээдээ дуудах нэрийг дэндүү их зүйлийг билэгшээн хайрладаг жамтай. Бид ч энэ зарчмаар хайрласан. Юуны түрүүн бидний хүүхдүүд дэлхий хэмжээний сэтгэж дэлхийн хүнтэй хөл нийлүүлэн амьдраг хэмээн залбиран 4 охиндоо АНЖЕЛИНА, ЖЕССИКА, АЛЕКСАНДРА, ЖАСМИН хэмээн нэрсийг хайрласан. 2 хүүдээ Билгүүнтулга, Тэргүүнтулга хэмээн айл гэрийн 2 багана тулга нь байг хэмээн бэлэгшээсэн. 

       

 

Сэтгүүлч: Хүн болгонд ижил тэгш заяадаггүй нэг зүйл байдаг нь сайн хань. Сайн ханьтай байж гэмээнэ тухайн хүний өнгө төрх, өөдлөн дэвжих бүх л зүйл нь нээгдэж ирдэг. Зоригоо, Сүүгий хоёрын хувьд бие биедээ халамжтай, хэн хэндээ  хамгийн сайн хань болж чаддаг. Айлын эхнэр гэхээр л хүүхэд гаргаад гэртээ удаан суух албагүй, ялангуяа шүдний эмчийн мэргэжил гэдэг хүүхэд хараад гэртээ суухад гар нь төсөөрдөг учир ханийгаа бүх талаар дэмжиж ажиллах боломжийг нь олгодог гэж Зоригоо ярилаа.  Гэрийн эзэн эхний хүүхдүүд төрсний дараа ч Замын-Үүдэд ажлаа хийдэг байж. Сүүгий 2010 оны 6 дугаар сард сургуулиа төгсчихөөд хоёр хүүхэдтэйгээ  Замын-Үүдэд зусаж байтал нүүр амны их эмчийн мэргэжил эзэмшсэн АЧ АУИС-иас нь багшлах санал ирснээр ирээдүйн шүдний эмч нарт хичээл заах ховор хувь тохиол бүрджээ.

       

Сүүгий:  Би ер нь багаасаа л эмч, багш болно гэж мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдөл маань нэг л өдөр биеллээ олсон.  Анагаах ухааны коллеж одоогийн Сувилахуйн сургуулийг  НҮҮР АМНЫ СОГОГ, ГАЖИГ ЗАСЛЫН ТЕХНИКЧ мэргэжлээр төгсчихөөд Хятадад эмчийн мэргэжил эзэмшье гэж шийдээд Тяньжин хотод нэг жил сурсан. Гэтэл зун нь ээж минь хүндээр өвдөн бурхны оронд заларсан. Тэгээд урд сурах бодлоо орхиод “АЧ” Анагаах Ухааны их сургуульд элсэн 5 жил суралцаад НҮҮР АМНЫ ИХ ЭМЧ болсон. Төгсөөд сургуульдаа багшлахын зэрэгцээ шүдний эмнэлгүүдэд цагаар ажиллан өөрийгөө хөгжүүлэн 2014 онд хань бид 2 жижигхэн хувийн шүдний эмнэлгээ нээн ажиллуулсан маань одоогийн төмөр замд байрлах “БАЯНСАН ДЕНТ” гэх том мөрөөдлийн минь эхлэл юм. Одоо эмч сувилагч нийлсэн 10 гаруй ажилтантай жилээс жилд биднийг гэсэн хүмүүс зорин ирэх дуртай газар болон өргөжжээ.

 

Ойрхон 6 хүүхэд өсгөнө гэдэг амаргүй ажил. Та хоёрт хүүхэд өсгөхөд тусалж дэмждэг ах дүү байдаг уу?

 

Сүүгий: Бид хоёрын хамгийн их баримталдаг зарчим бол хүнд түвэг болохгүй амьдрах. Зургаан хүүхэдтэй гээд өөрийнхөө ааваар харуулъя эсвэл хадмуудаараа харуулъя гэдэггүй. Нэгэнт болно, чадна гээд гаргасан юм чинь ах дүүдээ нялзаахгүй амьдрах ёстой.

Харин хүүхдүүдийг маань өсгөхөд хамгийн том тус  болсон хүн бол миний том охиноос минь дутуугүй Лхагвасүрэн хэмээх сайхан охин бий. Манай хамаатан ч биш, танилын хүүхэд ч биш Өвөрхангайгаас ирээд хотод гурилын үйлдвэрт нормын ажил хийдэг байсан охин. Лхагваа маань манайд 7 жил амьдарсан. Одоо бодохнээ ээж минь намайг эх хүний үрээ хаядаггүйн ухаанаар надад явуулсан бэлэг гэлтэй.

 

Зоригоо:  ”АЧ”АУИС бол ёстой л ачтай буянтай сайхан байгууллага. Миний хань энэ сургуульд сурч байхдаа хоёр томыгоо, багшилж байх үедээ 4 багыгаа төрүүллээ.  Бидний амьдралын их ундарга ардын эмч, академич Н.Баасанжавын үүсгэн байгуулсан “АЧ” АУИС-ийн нийт багш, ажиллагсдад, мөн АУ-ны доктор, профессор Ц.НОРОВПИЛ даргатай НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАРЫН хамт олон та бүхэндээ бид үеийн үед баярлан талархах болно гэдгээ энэ завшааныг ашиглан хэлье.

 

 

Сэтгүүлч: Том хүү Г.Билгүүнтулга гэрийнхээ бүх л ажилд гар бие оролцож аав ээждээ туслах нь үнэхээр гайхмаар бахархам. 10 настай хүү сургуулийн 2 дүүтэйгээ 7 хоногийнхоо гурилыг зуурч элдэж хөлдөөх, бууз чимхэж, хөлдөөх гээд хичээлийн хажуугаар чамгүй их ажил амжуулж аав ээждээ тусалдаг байна. Билгүүнтулга хүү одоо дахиад дүү төрвөл хүү байгаасай гэж хүсдэг гэнэ.

       

Сүүгий: Зарим хүмүүс манайхыг танайх олон хүүхэдтэй юм чинь байрандаа багтаж байна уу? Байраа томруулахгүй юм уу гэдэг. Бид 2 хэзээ ч байраа томруулах юмсан, машинаа солих юмсан гэж боддоггүй. Энэ байранд миний ханийн хөлс хүч бүх юм шингэсэн болохоор хайртай байдаг. Хамгийн тансаг зүйл 2 өрөө байрандаа хүүхдүүдээ тойруулаад суух.  Бидэнд А цэгээс Б цэг хүртэл хүргэх машин, халуун дулаан сайхан орох орон минь байхад бид хамтдаа  зохицоод  амьдарч болж  байна. Тийм болохоор байраа томруулъя баян больё  гэж огтхон ч боддоггүй. Хүмүүст ингэж хэлвэл худлаа л санагдах байх. Гэхдээ л миний туйлын зорилго бол хүүхдүүдээ боловсролтой, гэрийн хүмүүжил сайтай, худлаа хэлдэггүй, хулгай хийдэггүй, 2 нүүргүй хүн болгож өсгөхийг хичээдэг. Бид 2 ч гэртээ тийм байхыг хүсдэг. Ядаж л зурагтаар нэг хүн гарахад тэр хүний талаар ярьдаггүй, хүнийг өөчлөөд гоочлоод байдаггүй хүн чанар сайтай хүн болгохсон гэж хичээдэг. Хүн ярьж болохгуй шүү, хүний хувцас ярьж болохгүй шүү гээд л бүх зүйлийг деталчилж заадаг. Намайг бага байхад аав ээж маань ингэж хэлдэггүй байсан ч үйлдлээрээ үлгэрлэдэг агуу ухаантай байж. Харин орчин үед бид үг үсэггүй хэлж өгч байна.

 

Манайх сүүлийн үед айл хэсэхээ больсон. Наймуулаа болохоор хэцүү. Эхнээсээ хувцаслаад л байж байтал халууцаад эхэлнэ. Тэгээд айлд очихоосоо 2 сарын өмнө хүүхдүүдээ айлд хэрхэн биеэ зөв зохистой авч явах талаар заан сургана.  Жишээ нь: Айлын тавган дээрээс чихэр шүүрэхгүй байх, хувцасаа цэвэрхэн өмсөх гэх мэтчилэн……..

       

Бидний туйлын зорилго бол 6 хүүхдээ Плеханов сургуулийг амжилттай  төгсгөж дэлхийд монголынхоо нэрийг цуурайтуулсан Монгол иргэн хүмүүжүүлэх. Энд дан ганц сайн сургууль бус гэр бүлийн харилцаа эцэг эх бидний оролцоо хамгийн чухал хэмээн илүү их хичээдэг. Бие биендээ сайхан энерги өгдөг тийм л ах дүү  байгаасай. Түүнээс биш хүүхдүүдээ дарга болоосой, тэр маань тийм мундаг хүн болоосой гэж боддоггүй. Нэг нь өвдөөд хэвтэхэд нөгөөх нь аяга цай чанаад очдог тийм сэтгэлтэй өсчихвөл бидний зорилго биелнэ.

       

 

Зоригоо: Хүүхдүүдээ  эрдэм мэдлэгтэйгээс гадна нийгмийн идэвхтэй, хүнтэй сайхан ойлголцоод явдаг болгох хэрэгтэй. Ах эгч нар нь манлайлах чадвартай болчихвол  дүү нар нь ч бас өөрийн эрхгүй дагах байх. Бид хоёр ч  хүүхдүүдээрээ,  өөрсдийнхөө бүтээлээрээ бахархаад л сууж байдаг болсон доо. 

 

Орчин үед хүмүүс англи америк, хятад боловсролыг их сонирхдог болж. Харин та хоёр орос соёл, орос боловсролыг яагаад онцлох болов?

 

Сүүгий:   Намайг бага байхад ээж минь Монголд хүүтэйгээ амьдардаг орос эмэгтэйн гэрээр нь очин тэр агуу орны хэл соёлыг надад анх мэдрүүлсэн. Би тэр багш эмэгтэй болон түүний хүүтэй хамт маш их цагийг өнгөрөөж орос хэл сурахын зэрэгцээ гэр орноо цэвэр цэмцгэр авч явах, айлын ор хөнжлийн даавуу ямар байх гээд тэр бүхнийг орос эмэгтэйгээс сурсан. Тэр хүн миний амьдралд их нөлөөлсөн. Түүнээс хойш л  орос соёлд дуртай болсон байх.

       

Зоригоо: Би зах зээлийн  хүнд хэцүү үед 1993-1997 онд хоёр эгчтэйгээ Москвад амьдарч ганзагын наймаа хийдэг байсан. Яалт ч үгүй 4 жил хоолыг идээд амьдарсан хүн чинь тухайн орны соёлд дуртай болдог юм билээ. Хүүхдүүд маань сайхан явахаас илүү орос хүний нинжин сэтгэл сайн талуудыг суралцаасай гэж хүсч байгаа. Монгол хүн оюуны чадамж өдөртэй. 10 жилийн дараа ажилд  ороход 2-3 хэлээр ойлголцох хэмжээнд. Цаашлаад ажил дээр гараад орчуулагч шаардлагагүй өөрсдөө ойлгочихдог хэмжээнд гадаад хэлийг эзэмших хэрэгтэй. 

       

Сэтгүүлч: Эерэг энерги зөв бодлоор өөрийгөө хөглөсөн зургаан хүүхдийн ээж Сүүгий бусдаас өвөрмөц загварлаг нэгэн. Тэрээр хүүхэд байхаасаа л загварлаг байсан гэнэ. Хүүхдүүд цагаан өнгийн зүйлийг сонирхож байхад Сүүгий час улаан эсвэл цэв цэнхэр өнгө сонирхох жишээтэй. Нэг хэсэг  их сургуулийн багш, эмч болоод загварлаг өнгөлөг сонголтуудаас татгалзсан ч дотор хүн маань өөрөө загварлаг сонголтыг шаардаад байдаг болохоор хэцүү юм билээ хэмээн инээх сайхан монгол төрхтэй эмэгтэй.

       

Сүүгий: Манайхыг хүмүүс загварлаг гэр бүл гэдэг юм. Би жирэмсэн болсон ч өөрийнхөө хэмжээнд гангалж өнгөлдөг. Миний эрч хүч дүүрэн, өөдрөг, бүхнийг чадна хэмээн тэмүүлдэг хүчийг надад эрүүл амьдралын хэв маягийг ойлгуулсан миний зөвлөх Б.Энхзул багштай клубын хамт олон бэлэглэдэг. Олон хүүхдийн өмнө зогсдог багш хүн юм чинь өөрөө сайхан байх хэрэгтэй. Гэхдээ гадаад гоо үзэмжинд анхаараад үсээ ороолоо гээд гоё болчихгүйг үргэлж сэтгэлдээ тээн дотроосоо гэрэлтэхийг хичээдэг. Өнөөдөр нэг оюутан маань гундуухан явахад яасан бэ миний охин гээд чин сэтгэлээсээ асуучих сэтгэлтэй байх юмсан гэж хичээдэг.

 

Удахгүй монголчуудын уламжлалт баяр цагаан сар болох нь. Танайх цагаан сарыг тэмдэглэдэг үү?

 

Сүүгий: Цагаан сарыг настай хүмүүс шиг тэмдэглэдэг. Бүр багаасаа өвөө эмээтэйгээ тэмдэглэж өссөн. Манай хүн ч багаасаа аав ээжтэйгээ цагаан сарыг уламжлалын дагуу хийж өссөн. Тавгийн идээ, хүний гар цайлгах бэлгээ бэлдэнэ. Эхэндээ ууц тавьдаг байсан сүүлдээ ёс заншил уншаад үхрийн өвчүү дал 4 өндөр тавьдаг болсон. Ер нь цагаан сар чинь тэр жилийнхээ өнгийг тодорхойлдог хамгийн сайхан баяр. Олон хүүхэдтэй болоод ирсэн чинь Монгол ахуйгаа үлдээе, хүүхдүүд маань бидний дараа ч Монгол цагаан сараа тэмдэглэдэг байгаасай гэж судлаад илүү  өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Их сургуульд багшлаад 10-аад жил болох гэж байгаа болохоор шавь нар ирдэг болсон. Эмнэлэг нээснээс хойш эмч нар маань ирж золгоно. Өөрийн эрхгүй хүмүүс хүндэтгэлтэй хандахаар өөрсдөө ч хүндэтгэлтэй хандахгүй бол болохгүй. Ээж маань гэртээ орж ирсэн хүн болгоны алгыг дээш нь харуулж байгаарай миний охин гэдэг байсан. Өөрийгөө эрт явна гэдгийг мэддэг байсан юм уу их л ухаантай хүн байсан даа. Одоо миний хамгийн дуртай зүйл хүнд бэлэг өгөх. 

       

Зоригоо: Би эхээсээ наймуулаа айлын отгон хүү. Миний ээж надад аавынхаа гал голомтыг өөд нь татаад авч яваа хүмүүс идээ засах хэрэгтэй. Хүн орж ирдэг ч бай үгүй ч бай идээ зас гэж хэлдэг байсан. Тэгээд бид 2  гэр бүл болсноос хойш цагаан сарыг байнга тэмдэглэж ирсэн. Миний ээж хүүхдүүдтэйгээ хамт  өөрөө цагаан сарынхаа боовыг хийдэг байсан. Тэр жилийнхээ өнгийг тавгийн боовоороо тодорхойлдог байлаа шүү дээ. Миний ээж  Буниа гэж тогооч хүн байсан болоод ч тэр үү унд ус сайтай сайхан хүн байлаа. Харин аав минь 164-р ангийн жолооны багш Шаравдорж гэж хүн байлаа. Сайхан аав ээжийнхээ идээ ундыг залгамжлаад явж байгаадаа баяртай байдаг юм.

       

Сүүгий: Тэр тийм баян хүн байсан шүү гэж ярихын оронд их сайхан хүн байсан шүү гэж дурсвал хүүхдүүдэд маань сайхан санагдана. Ер нь хүнтэй эргээд уулзах мөртэй  явах юмсан гэж хичээдэг.Нэр хугарахаар яс хугар гэдэг дээ. Бид хичээхгүй бол эцэг эхийн маань нэр хугарна. Ингэж сайхан эрүүл саруул өсгөсөн эцэг эхийнхээ нэрийг бодож зөв мөртэй амьдрах хэрэгтэй. Гэхдээ худлаа дүр эсгэлгүй байгаагаараа л байх хэрэгтэй. Хүн юу санана тэр биелдэг гэдэгт би итгэдэг.

       

 

Сэтгүүлч: Зургаан хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ их сургуулийн багш, эмч гэсэн хоёр ажлыг зэрэгцүүлж яваа гялалзуур бүсгүй Д.Доржсүрэн “хүн энэ хорвоод төрөхдөө л зурсан зураг, төөрөгтэйгөө ирдэг гэдэгт итгэдэг. Тэр замаараа л яваад байвал амьдрал аяндаа тэгширдэг гэж боддог нэгэн. Та хоёр ийм залуу байж яагаад ийм олон хүүхэдтэй болсон бэ гэх асуултанд?

       

Сүүгий: Олон хүүхэдтэй хүн нохой шиг амьдраад хаан шиг үхдэг, ганц хүүхэдтэй хүн хаан шиг амьдраад нохой шиг үхдэг хэмээн уншсанаа үргэлж санадаг. Энэ үгэнд дуртай. Хүн өөрийнхөө үр хүүхдийг гаргаад өөрийнхөө үрсээр бахархаад суух шиг жаргал байхгүй. Яаж ч ядраад гэртээ орж ирсэн хүүхдүүд минь бужигнаад угтахаар бүх ядаргаа алга болдог. Би аливаа зүйлд чадахгүй гэж хэлдэггүй. Бүх зүйлийг л чадна гэж боддог. Төрчихөөд шууд ажлаа хийдэг. Сая бага хүүгээ төрүүлчихээд эмнэлгээс гарсан эхний өдөр гэртээ байсан. Маргааш нь эмнэлэгээс утасдаад багшаа нэг шүд хугарчихлаа гэхэд  очихоос өөр аргагүй байдалд хүрч байх жишээтэй. Сайн ханьтай болохоор хүүхдэд ч юм уу эсвэл ажилдаа  түүртдэггүй.

 

Төрсөн хүмүүс гам хийдэг дээ. Гэтэл та бол төрснийхөө маргааш ажилладаг гэлээ.

 

 

Сүүгий: Нэг их гам хийдэггүй. Хийх боломж ч ховор. Ээж маань эрт  өнгөрчихсөн болохоор тэр үү гам барих боломж байгаагүй байх. Тэгээд ч хүнд нялхраад байхыг хүсдэггүй багын л тийм зантай. Өөрийнхөө чадна гэснийг л чаддаг.

 

Гэр бүлийн маргаангүй айл ховор байх. Маргалдах үедээ хэн нь буулт хийж байна? 

 

Сүүгий: Маргалдах үед нөхөр л буулт хийнэ. Одоо бүр миний зөв ч бай буруу ч бай чиний л буруу гэдэг үгтэй болсон/инээв/. Анх гэр бүл болсны дараа маргалдах үе олон байсан. Одоо маргалдахаа байсан. Юуны тулд маргалдах вэ дээ. Бид хоёрын харах өнцөг зорилго нэг болсон юм чинь. Хааяа маргалдах үе гарвал ухаанаар шийдэхийг хичээдэг. Хүүхдүүдийнхээ хажууд маргалдаад байх боломжгүй ш дээ. Ээж, аав хүүхдүүдийн багш шүү дээ. Бас нэг баримталдаг зарчим бол гэртээ хүн оруулж ирчихээд архиар дайлах дургүй. Хүүхдүүдийнхээ хажууд хүн архиар дайлъя гэж хэзээ ч боддоггүй. Энерги таарахгүй хүнтэй нэг их олон уулзаад байдаггүй.

       

Зоригоо: Аль болох уужуу сэтгэл гаргаад ханийгаа ойлгохыг л хичээдэг. Миний хань чинь огцом шийдвэрүүд гаргана. Болохыг нь хүлээж аваад болохгүйг нь тэгсхийгээд дотроо бодоод нүд амаараа илэрхийлнэ. Тэгэхээр миний хань ойлгоно л доо.

 

Сүүлийн үед цахим хэрэглээ бий боллоо. Мэдээж зургаан хүүхэдтэй айлд энэ нь том асуудал байх. Хэрэглээг хэрхэн зохицуулж байна?

 

Сүүгий: Бүр огт хорьдоггүй. Арга ухааны залиар зохицуулна. Утас удаан оролдвол тариа хийнэ шүү гэх мэтээр. Гэхдээ 21-р зуун чинь өөрөө цахим ертөнцөөс шууд хол байна гэвэл бас үгүй юм. Нөгөө эмнэлгийн үйл ажиллагаа нөгөө ажил төрөлтэй холбоотойгоор фэйсбүүк орохоос өөр аргагүй. Хүн орой унтахаасаа өмнө заавал жорлон, ваннаа угаачихаад унтах ёстой. Ууж идсэн аяга тавгаа угаагаад унтах ёстой гэдэг шиг орох үедээ ор, хэрэгтэй мэдээллээ ав. Гэхдээ донтож болохгүй гэсэн зарчмаар зохицуулдаг. Хүүхдүүд маань тэрсхэн өсч байгаа болохоор ширээ тойрч суугаад өдөр болсон явдлаа бие биетэйгээ ярилцаад хоолоо идэхийг чухалчилдаг.

       

Хүүхдүүдэд аливаа хүнсний зүйлийг тас хорьдоггүй. Газтай ундаа, чихэр амттаныг аль болох хангалттай өгдөг.  Гэхдээ тодорхой  норм, норматив гэж  байх ёстой. Энэ олон хүүхэд чинь юмыг тас хорьж болохгүй. Хориод л байвал айлын ширээн дээр байгаа ундааг уух гээд байж яддаг болчихно гэж айдаг юм. Тийм хүн болгохгүйн тулд тодорхой хэмжээгээр хэрэглүүлдэг.

 

Эмэгтэй хүний сайн сайхан яваа нь тухайн бүсгүйн эр нөхөртэй холбоотой гэж хүмүүс ярьдаг. Хүний хань гэж хэн юм бэ? Ханийнхаа талаар юу хэлмээр байна?

 

Сүүгий:  Миний амьдралд ирсэн хамгийн том бэлэг. Хүүхдүүдийнхээ тоог нэмэх тусам ийм сайхан хүний хүүхдүүдийг илүү олон болгох юмсан гэж  боддог. Миний хадам аав, ээж хоёр бол маш сайн хүмүүс байсан. Одоо би ханиасаа аав ээжийнхээ тэр сайхан зан чанаруудыг  мэдэрдэг. Ийм хүн чанартай сайхан хүнийг олон болгох юмсан л гэж бодож бахархдаг даа.

 

Зоригоо:  Би бол ханиараа бахархахын дээдээр бахархдаг. Миний зургаан хүүхдийг төрүүлж өгөөд энэ сайхан алтан гараараа энэ амьдралыг босголцож яваа хүн шүү дээ. Тийм болохоор би ханийнхаа ажиллах нөхцөл боломж юу байна бүх бололцоог нь нээж өгөх юмсан гэж хичээдэг. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг ханийнхаа тууштай занд хайртай. 4 жилийн өмнө бид 2 цагаан цаасан дээр ”БАЯНСАН ДЕНТ” гэж шүдний эмнэлэг байгуулахаар төлөвлөгөө гаргаж байсан бол 4 жилийн дараа эмнэлэг маань байгуулагдаад байнгын үйлчлүүлэгчтэй болоод Доржсүрэн гэж эмчээр л эмчлүүлнэ гээд л орж ирэх жишээтэй. Миний хань чинь ЭМЧ гэдэг мэргэжлийг эзэмшихийн тулд магистртайгаа нийлээд бүхэл бүтэн 12 жилийг зарцуулсан хүн. Одоо докторт сурч байна. Тийм учраас би ханиараа бахархдаг. Бүх  боломжийг нь олгох юмсан гэж боддог.

       

Бидний гэр бүл аз жаргалаар дүүрэн хайр энэрэл халамж дүүрэн амьдархад минь үргэлж хамт байдаг минь хайртай аав, ээж, ахан дүүс гэр бүлийн найз нөхөд ажлын хамт олон та бүхний минь хүч нөмөр нөөлөг их байдагт бид гүнээ талархдаг юм шүү

       

Сэтгүүлч: Ганзоригийн амьдрал өглөө 6 цагаас эхлэн бужигнана. Орой 21  цагт  маргааш өглөө ажилтай хичээлтэй  хүмүүс түрүүлж унтсаар цэцэрлэгийн хоёр үлддэг байна. Өдөр цэцэрлэг дээрээ унтчихдаг болохоор аав ээжийг шөнийн 00 цаг хүртэл унтуулахгүй “чангалах” тохиолдол бишгүй байдаг байна.  Ийнхүү Ганзоригийнх хэмээх өнөр айлд хагас өдөр саатсан тэмдэглэлээ уншигч танд хүргэлээ.

 

Сэтгүүлч, редактор Х.Болортуяа

 

 


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0