ХАТТАЙ ТӨМӨР ЗОРЖ, ХАЛУУН МЕТАЛЛТАЙ ХАРЬЦДАГ БҮСГҮЙ

 

Хүнд хөдөлмөрт хүдэр эрстэй мөр зэрэгцэн шаламгай ажилладаг гавшгай хүүхнүүд Эрдэнэт үйлдвэрт олон. Тэдний нэг нь Засвар механикийн заводын Цутгуурын цехийн хайлах хэсгийн операторч Аюушийн Болормаа. Эдний цех цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэн, төрөлх үйлдвэрийнхээ төдийгүй уул уурхайн бусад компанийн хэрэгцээг хангадаг.

 

        Хэвлэж цутгасан металлыг ус, цахилгааны тусламжтай доргиож цэвэрлэдэг ховорхон агаад хүндхэн, нарийн мэдрэмж шаардсан мэргэжилдээ тэр эзэн байж чаддаг. Металлийг  хэрхэн оосорлож кранд өлгөх, хаана тавих, шороог нь яаж эвтэйхнээр унагахаа тооцоолно. Усан доторх нүдэнд үл үзэгдэх цутгамлын хөндий, голчийг олж, доргион цэвэрлэхэд бүсгүй хүний торгон мэдрэмж хэрэг болно. Шороотой цутгамлыг зүсэлтэд бэлтгэн өнгөлөн зүлгэсэн мэт цэмцийлгэхийг тэр хичээнэ. Хүнд жинтэй элэгдэлд тэсвэртэй ширмэн бүтээгдэхүүнийг цэвэрлэх явцад хагалж орхивол, үйлдвэртээ эдийн засгийн багагүй хохирол учруулах ч эрсдэлтэй. Тоосжилт, доргион чичиргээн ихтэй, бүсгүй хүн бүү хэл “нялцгайхан” эр ч зүрх алдам, бас хариуцлагатай энэ ажилдаа тэр туйлаас дуртай. Өглөө ажилдаа яаран тэмүүлсээр ирнэ. Ер нь А.Болормаагийн төрөлхийн дайчин чанар нь түүнийг аливаа амжилтад дөрөөлдөг. Хөдөлмөрийн гараагаа 16-хан насандаа цэцэрлэгийн туслах багшаар эхэлсэн. Балчир үрсийг халамжлах буянтай энэ ажлаа тэр дөрвөн жил хийжээ. Ааг амтагдсан залуу насаа тэр илүү эрчтэй хөдөлмөрт зориулъя хэмээн шийдэж  Технологийн сургуульд суралцан токарьчин, фрезерчний мэргэжил эзэмшээд, 1987 оноос Засвар механикийн заводын Механик цехэд ажиллажээ. Хаттай төмөр зорж, халуун металлтай харьцах амаргүй энэ ажлыг тэр хорь шахам жил хийсэн байдаг. Үүнийгээ Эрдэнэт  үйлдвэрт ганцхан байх ЭГУ операторч гэх ховорхон, хүч чадал, мэдрэмж “нэхэх”  мэргэжлээр сольж өдгөө нэгэн арванаас илүү жил ажиллажээ. Өнгөрсөн онд Цутгуурын цех 4800 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэсний 1200 орчим тоннд тэр хөдөлмөрөө шингээжээ. Ховор нарийн мэргэжлээрээ гурван ч залууг дагуулан мэргэшүүлсэн тэрээр шавь нартаа “Аливаад сэтгэлээ зориул. Тэгвэл ажил үйлс бүхэн тань бүтнэ” гэж сургах.

 

Нуруулаг, дүүхэлзсэн энэ бүсгүй нэгэн үед Эрдэнэт үйлдвэрийн урдаа барьдаг тамирчдын нэг байв. Явган аяллын спортын мастер, сагс, волейболын спортын нэгдүгээр зэрэгтэй. Спортод түүнийг ЗМЗ-ын арга зүйч агсан Энхтөр, Цутгуурын цехийн ажилчин, явган аяллын спортын Олон улсын хэмжээний мастер Рагчаа нар “уруу татсан” ачтанууд. Эх нутгийнхаа сүрлэг уулс Асралтхайрхан, Отгонтэнгэр, Цагаандэглийд тэр мөрөө гаргажээ. Отгонтэнгэр хайрханд хамтдаа авирч явсан Улаанбаатарын уулчин эмэгтэйг уулын үер яах ийхийн зуургүй бүр мөсөн аваад явчихаж. Энэ тухай А.Болормаа ярихдаа “Холбоо харилцаа тааруухан тэр үед усанд боогдоод 14 хоног болоход амь эрсэдсэн эмэгтэйг намайг гэж андуу мэдээ тарж, ижийг минь “шар махтай нь хатаасан”. Наадмын өмнөхөн намайг ирэхэд цехийн орос даргын “Үнэхээр амьд уу, тэгвэл ажилдаа ор” гээд л дал мөр алгадсан дулаан төрх, хамт олон минь баярлан тэвэрч угтсан нь одоо ч санаанаас гардаггүй. Ээжийгээ зовоохгүй гэхдээ тэр цагаас хойш ууланд авирахаа больсон” гэв. Явган аялал, сагсан бөмбөг, волейболын тэмцээнд тэр одоо ч залуусыг дагуулан манлайлсаар... 

 

        Олон жил хамт ажилласан ээлжийн мастер Н.Тугтөгс нь түүний тухай “А.Болормаа их хичээнгүй, хөдөлмөрч, ажилдаа хариуцлагатай. Хүний мөс чанар сайтай хүн. Мэргэжлийнхээ нарийн ширийнийг залууст харамгүй заадаг. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлдэг, бас санаачилга сайтай. Урлаг, спортын уралдаан тэмцээнд хамт олноо уриалан, манлайлдаг төдийгүй олон нийтийн байгууллагын ажилд  идэвхтэй оролцдог. Манай ээлжний 13 ажилтнаас ганц бүсгүй нь. Болормаа ямар ч хүний эвийг олж харьцдаг, хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн эмэгтэй” хэмээсэн юм.

 

        Тэр ахмад настанаа хүндэтгэн өргөдөг тусч зантай нэгэн. Хэдий яарч явсан ч өндөр настай, ядарсан буурай зам хөндлөн гарах гэж ядаж явахад хөтөлж гаргачихаад л алхана. Чихэвч зүүчихээд таягтай хөгшнийг дайрчих шахан өнгөрөх зарим залуусыг хараад сэтгэл нь өвддөг. Хүний ач тусыг байнга санаж, дэм хэрэгтэй хэн нэгэнд чадах зүйлээрээ тусалж явахыг тэр хичээнэ.

 

        А.Болормаа айл гэрийн халамжит гэргий, охиныхоо хайртай ээж нь. Хань Ч.Баттогтох нь бас л Эрдэнэт үйлдвэрт хүч хөдөлмөрөө зориулж, Засвар механикийн заводад халуун дарханаар ажиллаж явсан. Ар гэртээ санаа зоволгүй сэтгэл амар ажлаа хийж, спортын тэмцээнд оролцох зэрэгт ханийнх нь дэм, түшиг их. Өдгөө охин нь Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан болжээ. Тэд охиноо ухаалаг, хичээнгүй нэгэн болгож өсгөсөн гавьяатнууд.

 

        А.Болормаагийн аав, ээж театрын уран бүтээлчийн ажлаа орхин, Булган нутгаас эх орны их бүтээн байгуулалтын дуулианаар 1972 онд Эрдэнэтийг зорин ирсэн. Тэр үед тавхан настай Болормаа охинд ой шугуй, алаг цэцэгс, цоохор эрвээхэй, мушгиран урсах тунгалаг гол гээд байгалийн үзэмж төгс бүрдсэн энэ сайхан нутаг гойд  таалагдсан гэдэг. Тэр аав, ээжийнхээ бүтээн босголцсон, өдрөөс өдөрт өргөжин тэлж, өнгөжин жавхаажих Эрдэнэсийн энэ л хотдоо аз жаргалтай амьдарч, Эрдэнэт  үйлдвэртээ 30 гаруй жилийн үнэнч хөдөлмөрөө зориулсаар явна.                                             

 

                               Я.Энхтуяа


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0